Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн электроникийн инженер ахлах дэслэгч Ч.Бат-Оргилтой ярилцлаа.
Та уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Би 2012 онд ҮБХИС-ийн Агаарын довтолгооноос хамгаалах тэнхимийн сонсогч болж хоёр жил суралцаад БНТУ-ыг зорьсон. Ингээд 2019 онд БНТУ-ын Агаарын цэргийн их сургуулийг дүүргэж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид томилогдсон. 2020 оноос Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвд ажиллаж байна.
Бусад шиг багын мөрөөдөл байв уу, ер нь цэргийн хүн болох бодол хэзээнээс төрж эхлэв?
Мэргэжил сонголт, ажил амьдралын гараа, цаашдын ирээдүй гээд энэ бүхнийг бодоход хүн амьдралдаа чухал сонголтуудыг хийх үе ирдэг. Миний хувьд 10 дугаар ангидаа цэргийн хүн болно гэж шийдсэн. Цаг баримталдаг, ажилдаа хариуцлагатай, сахилга баттай, зарчимч гээд сайн чанарууд цэргийн хүнд илхнээ цогцолдог. Багаасаа үзэж харсан зүйл минь магадгүй намайг цэргийн хүн болоход аажим аажмаар дасгаж, цэргийн амьдралын зах зухаас мэдрүүлсэн байх. Аав минь цэргийн хүн байлаа. Өглөө эрт босчихсон гутал, хувцсаа өнгөлж өмсөөд цэмбийсэн хүн л байж байдаг сан. Эмх цэгц гэж ямар байдгийг ааваас л харсан. Тийм дүр төрх миний сэтгэлд их хоногшсон. Намайг багад аав минь л цэргийн хүн гэж ямар байх ёстой, яг тусгал нь байлаа.
Нөгөө талаараа багаасаа биеийн тамир, математик, физикийн хичээлд сонирхолтой, тэр хэрээрээ ч дажгүй сурлагатай. Суурь ингэж тавигдсанаас гадна хүүхэд насны дурсамждаа хөтлөгдөж аав шигээ хүн болохыг хүссэндээ ч тэр үү, ҮБХИС-д элссэн. Сургуульд ороход электроникийн хичээл хэцүүгүй, харин ч сонирхолтой санагдаж байсныг хэлэх үү. Суралцах явцад ҮБХИС-ийн баг анх удаа “Робокон” тэмцээнд оролцож байсан. Би тус тэмцээнд оператораар хоёр жил дараалж оролцсон. Манай багийн хувьд бас хоосонгүй, “Өсөх ирээдүйтэй шилдэг баг”-аар шалгарч байв. Мөн улсын их сургуулиудын дунд зохиогддог Электроникийн олимпиадад оролцсон гээд боломжоороо л өөрийгөө дасгалжуулж байсан гэхэд болно. Тиймдээ ч БНТУ-д хэлний бэлтгэлээ дуусгаад электроникийн инженер мэргэжлийг сонгож, суралцсан.
Турк Улсад очсон анхны сэтгэгдэл ямар байв? Юм бүхэн л шинэ, содон биз ...
2014 онд БНТУ-д очоод шинэ орчинд ганцаараа гэдгээ мэдрэхэд эхэндээ бага зэрэг эвгүй. Харин тус улсын орчин үеийн зэвсэглэл, техникийг хараад их гайхсан. Тэгээд сургуулиас оймс, шорт, солих хувцас, оо сойз, сахлын хутга гэх мэт хүнд хэрэгтэй бүхнийг хангалтаар өгдөг юм билээ. Хоёр жил цэргийн сургуульд суралцаад очсон нь надад бас давуу тал болсныг хэлэх нь зөв байх. Бас монголоор ярих хүнгүй ганцаараа тул сатаарах зүйлгүйгээр турк хэлийг богино хугацаанд сурсан. Тэгээд үргэлжлүүлээд бусад орны оюутнуудад заачхаж байгаа юм.
Тухайн үед манай сургуульд 10 гаруй орны сонсогч суралцаж байсан. Манай курст Сомали, Афганистан, Албани, Босни ба Херцеговин, Казакстан, Киргизстан, Иордан зэрэг улсын сонсогчид суралцдаг байсан. Сургуулийн хувьд 1951 онд байгуулагдсан, 70 гаруй жилийн түүхтэй. Туркуудын хувьд эхлээд 4 жил инженерийн мэргэжлээр суралцдаг. Ахлах курсүүдэд жижиг онгоц дээр дадлага хийнэ. Төгсөөд дипломоо авсныхаа дараагаар эрүүл мэндийн үзлэгээр орж, нисгэгчийн үндсэн сургуульд хоёр жил суралцах эрх нь нээгддэг.
Монголоос ирсэн сонсогч гэхээр туркууд Чингис хаан гэж их хэлдэг. Бас өмчлөх гээд байдаг талтай. Хэлээ сайн сурсныхаа дараагаар би өөрийгөө танилцуулаад, Монгол гэдэг орны талаар чөлөөтэй ярьж, ойлголт өгдөг болсон. Олон хүний нүдэнд Монголоос ирсэн ганцхан сонсогч байгаа тул надаар л төлөөлүүлж тэд харна. Тиймээс хаана хэзээ ч үйл хөдлөл, үгээ үргэлж цэгнэж явна. Зөв байх гэж хичээсээр 5 жилийг ардаа үдсэн. Энэ хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй. Үүний үр дүнд бүх хичээлдээ онц үнэлгээтэй суралцаж, онц төгсөгч болсон. Мэдээж хувцас үрчинхий, оймс өөр байж болохгүй, хүнтэй маргахгүй, утсыг амралтын өдөр л ашиглана гэх зэрэг дүрэм журам мөрдөгдөнө. Түүнийг ягштал дагаж биелүүлнэ.
Тус улсын иргэдэд ямар чанар зонхилдог, тэр нь Зэвсэгт хүчин, цэргийнхэнд нь хэрхэн тусгалаа олдог талаар сонирхуулаач?
Туркуудын хамгийн гол онцлог нь хүндлэл. Хүндлэлийг их чухалчилдаг. Бас эх оронч, үндэсний үзэл нэвт шингэсэн. Сэтгэлгээний хувьд монголчуудтай төстэй гэж бодож байна. Дарга, цэргүүд нь дүрмийн дагуу л харилцана. Тэр харилцаа нь хүндлэл дээр тогтоно. Шугам давахгүй. Мөн зочломтгой улс. Гадаадын сонсогчдыг хариуцах хүмүүсийг томилж өгнө. Хэрэгцээ шаардлагатай ямар ч үед тэдгээр хүмүүс бидэнд чин сэтгэлээсээ тусална. Биднээс юу хэрэгтэй, яамаар байна гэхчлэн байнга лавлаж асууна. Тиймээс харилцахад ямар нэгэн саад тулгардаггүй. Гадуур аялуулна, газар үзүүлнэ. Турк улсад түүхэн дурсгалт газар, музей, сүм, байгаль гээд үзэж харах юм их. Би л гэхэд Истанбулд 5 жил сурахдаа явж, үзэж дуусаагүй. Истанбул бол 20 гаруй сая хүн амтай маш том хот. Гэхдээ зохион байгуулалт, төлөвлөлт сайтай, түгжрээд байхгүй. Ихэвчлэн метрогоор ажлаа амжуулчихна. Хүссэн газартаа саадгүй хүрнэ. Хот дотор зорчиход хүндрэлтэй зүйл гэж бараг үгүй дээ.
Харин дээр хэлсэнчлэн туркуудын хамгийн сайн баримталдаг хүндлэл нь цэргийнхэнд яаж хүрдэг вэ. Турк Улс терроризмтой тэмцсээр ирсэн, энэ хүрээндээ цэргийн ажиллагаа явуулдаг. Зэвсэгт хүчин нь идэвхтэй гэж хэлж болно. Цэргүүд нь бэлэн байдлаа хангаж, хаанаас ч халдлага ирсэн хариу үйлдэл үзүүлэхээр бэлтгэгдсэн.
Улс, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасны хариуд иргэд нь ч маш их хүндлэл, итгэл хүлээлгэдэг. Цэргийнхэн гэхээр л арай өөр хандлагатай байдаг нь илт.
Сүүлд газар хөдлөлтөөс үүдэж, гамшиг нүүрлэсэн шүү дээ. Тэнд суралцаж байсан хүний хувьд эмзэг туссан болов уу?
Тухайн үед би Турк Улсад 8 сарын курсэд суралцаж байсан. Миний суралцаж байсан газар баруун буюу Европ талдаа хэдий ч хүн бүхэнд л хүнд тусч байгааг алхам тутамдаа мэдэрсэн. Манай улсаас авран хайх хүмүүнлэгийн баг очиж голомтод ажилласан нь Туркийн ард түмэнд сэтгэлийн дэм их өгсөн гэж боддог.
Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвд хэзээнээс ажиллаж эхэлсэн, энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
Бид мэдэж байгаачлан Турк Улс нисгэгчгүй нисэх системийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа орон. Тэр хөгжлийнхөө талаар ч бидэнд хичээл заадаг. Сургуулийн өдөрлөгүүдээр сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, дронуудтай танилцуулна. Тухайн үед би технологийн энэ өндөр хөгжлийг харж, гайхаж бас шагшихдаа манай улс хэзээ, магадгүй 20 жилийн дараа хийж эхлэх үү? гэж өөрөөсөө асууж билээ. Электроникийн хичээл дээр онгоцны авианикийн системийг бол нэлээд шимтэж судална. Цэргийн холбогдолтой хичээлийг цэргийн дарга нар орно. Харин электроникийн болон бусад мэргэжлийн хичээлийг өөр их, дээд сургуулийн багш, докторууд ирж заана. Ингэхдээ Туркийн зэвсэг, техникүүдийг бусад улс орныхтой харьцуулснаа, юугаараа ялгаа, онцлогтой гэдгийг нь заавал тайлбарлана. Тэгэх бүрд нь бид Монголдоо хэзээ хийж эхлэх бол гэсэн бодол байнга төрнө.
Эх орондоо ирээд анхны томилолтоо аваад жил болоогүй байхад тухайн үед АЦК-д хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Энхзоргол судалгаа, туршилтын төв шинээр байгуулагдсан талаар хэлээд ажиллах уу гэж надаас асуусан. Удаан бодох шаардлага байсангүй. Шууд л ирсэн. Тэр үед нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн даргаар ахмад И.Зориг тэргүүтэй баг анх бүрдсэн. Бүгд л өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр үүрэг, ажил дааж авна. Миний хувьд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн доторх электроник, цахилгаан холболт, аюулгүй ажиллагаа, үйлчилгээг нь хариуцна. Бусад нь гаднах хийц, 3D зураг, төлөвлөлт бичиг цаас гээд тус тусын ажилтай. Ажлаа дуусгаад товлосон хугацаандаа үр дүнгээ нэгтгэнэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг бид хэдий чинээ сайн ярилцана, шинэ санаа шийдлүүд ч төрсөөр л байна. Турк дроныг харчхаад манайх магадгүй 20 жилийн дараа... гэж боддог байсан бол өнөөдөр энэ ажилд гар бие оролцоод явж байгаадаа тун олзуурхдаг.
Туркийн Bayarktar, АНУ-ын Predator зэрэг дронуудын судалгаа, туршилт нь 80, 90-ээд оноос эхэлсэн гэж сонссон. Тэгэхээр өнөөгийн үүрэг гүйцэтгэх чадвар, дүр төрхийг олох гэж 30 жилийн турш хөгжүүлэлт хийгдсэн байна. Би ямартай ч эхлэлээ амжилттай тавьсан. Өнөөдөр мэдээлэл, технологийн хөгжил хурдацтай явагдаж байна. Энэ давуу талыг ашиглаж бид ч бусад улс орны нисгэгчгүй нисэх системийн хөгжлийн араас хурдан гүйцэж очих боломж, нөхцөл нь бүрдсэн.
Монгол хүний сэтгэлгээ, инновац шингэсэн бүтээл гэхээр цаанаа л нэг өег санагдана. “Ёл”-ыг бүтээх үйл явцыг бид өнгөн талаас нь л хараад байж магадгүй юм. Нөр их хүч хөдөлмөр, ур ухаан зарж байгаагаа хэрхэн үгүйсгэх билээ...
Үндсэн загвараа гаргаад туршилтын модон загварыг хийсэн. Түүн дээрээ тоног төхөөрөмжөө суурилуулаад, Монголд үйлдвэрлэх боломжгүйг нь мэдээж гаднаас авна. Чип л гэхэд 5, 6 улс л үйлдвэрлэдэг. Авчирсан тоног төхөөрөмжөө эхлээд бүрэн дүүрэн хэрэглэж хэвшинэ. Дараа нь судална, тэгээд ямар үүрэг зориулалттайгаар ашиглах вэ гэдгээ шийднэ. Эхлээд хэрэглэж сурах хэрэгтэй юм билээ. Манай багийн хувьд загвараа өөрсдөө гаргаад, нийлмэл материалаар хийж эхэлсэн. Бид камер, дамжуулагч, чип үйлдвэрлэх боломжгүй, гаднаас авч байгаа ч бусад бүх зүйлийг өөрсдөө хийж байгаа. Анх эхэлсэн үеэ бодвол нэлээд дэвшилтэд хүрсэн. Үйл ажиллагаа жигдэрсэн. Цаашид олон талын хөгжүүлэлт хийх, өрсөлдөх чадвартай болох үндэс суурь нь тавигдсан гэж ойлгодог. “Ёл 1"-ийг зохион бүтээхдээ бид олон цагаар, өөрсдийгөө шахаж ажилласан. 7 хоногийн 2-3 өдөр ажил дээрээ хононо. Харихдаа оройтно. Цаг давчуу, бүх зүйл шинэ болохоор судалж мэдэх зүйл олон. Гэхдээ хугацаандаа амжиж гүйцэтгэсэн.
Ажлаас ажлын ард гарах тусам нягтарч байгаа хамт олон бололтой...
Анхны “Ёл”-ын ард гарахдаа туршлагатай, багагүй зүйлийг сурч мэдсэн баг хамт олон болсон байв. Үүнтэй залгуулаад л дараагийн загварыг бүтээх зураг төслийн ажлаа эхлүүлчихсэн. Анхны “Ёл”-ыг хөөргөх тэр агшин бол буух хүртэл харцаа салгаж чадахгүй, сэтгэл түгшээстэй. Тэгээд амжилттай газардахад нь сая нэг уртаар амьсгаа авч байгаа юм. Бид өмнөх туршлагадаа тулгуурлаад “Ёл 2”-ыг илүү боловсронгуй, үүрэг гүйцэтгэх чадвар нь илүү байхаар зохион бүтээсэн. Батарей, дараа нь дотоод шаталтын хөдөлгүүрээр ажилладаг болсон бол үүрэг гүйцэтгэх хугацааг нь мөн уртасгасан.
Одоогоор “Ёл 3”-ын судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байна. Өмнө нь нисэх зурвасаас хөөрдөг байсан бол одоо суурин дээрээсээ дээш хөөрөөд цааш үүрэг гүйцэтгэдэг байхаар төлөвлөөд байна.
Ер нь бид алдсан, оносон ч цаашид ямар нэгэн байдлаар ашиг тусаа өгөх зүйлийг сураад л байгаа юм. Одоо манай баг Турк, Орос, Солонгос болон дотооддоо механик инженерийн чиглэлээр бэлтгэгдсэн нисэх загварын спортоор хичээллэдэг залуусаас бүрдсэн. Энэ нь сурч төгссөн тухайн орныхоо технологийн хөгжил, дэвшлийг сайн мэдэж байгаа гэсэн үг. Энэ хүрээндээ чиглэл чиглэл, хэл усаараа өөрт хамгийн ойрхон эх сурвалжуудаас туршлага судлаад явчихдаг. Өөр, өөр газар төгсөж, боловсрол эзэмшсэн хүмүүс нэгдэхээрээ агуулга, гарц гаргалгаа, санал санаачилгын хувьд баяжилт хийгддэг давуу талтай юм билээ. Харилцан бие биеэсээ суралцана. Завгүй ажиллаж, жижигхэн зүйлээс ч урам авна. Ажилдаа шунан дурлаж, зүтгэнэ гэдэг бидний хувьд жаргал юм даа. Санасандаа хүртэл хийчхээд цаг харахаар нар жаргачихсан, заримдаа хоол идэхээ ч мартчихна. Багажны дуунд ажилладаг болохоор сүүлдээ бараг дохиогоор ойлголцдог болчихсон байсан.
Таны цаашдын зорилго, танай баг хамт олны зорьж байгаа бүхэн Зэвсэгт хүчин, ялангуяа энэ төвийн хөгжил, цэцэглэлттэй сүлэлдэх байх...
Тийм ээ. Хилийн чанадад юу сурч мэдсэн, түүнийхээ хэргийг гаргана. Хүн бүрийн цээжинд эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах сан гэдэг бодол дараатай байдаг шүү дээ. Ямар ч байсан энэ ажлынхаа үр дүнг үзэж, манай төвийн хувьд ч цаашид байнгын тогтмол үйл ажиллагаатай болж, Зэвсэгт хүчнийхээ эрэлт хэрэгцээг хангадаг болчихвол маш том амжилт бүтээлээ л гэсэн үг. Дараа нь хурааж, хуримтлуулсан мэдлэгээ бусадтай хуваалцах нь чухал. Боломж олдвол ҮБХИС-д Агаарын довтолгооноос хамгаалах тэнхимдээ очиж багшилъя гэсэн бодол бий. Магадгүй дотооддоо бэлтгэгдсэн боловсон хүчин Нисгэгчгүй нисэх системийн судалгаа туршилтын төвийг үйл ажиллагааг нь үйлдвэрлэлийн хэмжээнд үргэлжлүүлэхийг ч үгүйсгэхгүй.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
АДМИН







Нийгэм




