Вашингтон хотод төвтэй Европын бодлогын дүн шинжилгээний төв (CEPA)-ийн цахим хуудаснаас эрчим хүчний шинжээч Сергий Макогоны нийтэлсэн дүн шинжилгээг Zogii танд хүргэж байна.
Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх болсон нь Москвагаас олон арван жилийн турш хамааралтай байж ирсэн хөрш орнуудад түлшний хомсдол үүсгэх шалтгаан боллоо.
Хэдийгээр Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Казахстан улсууд гурваад аравны өмнө Зөвлөлт Холбоот Улсаас салж, өөрсдийн эдийн засаг, гадаад бодлогыг хөгжүүлж ирсэн ч эрчим хүчний аюулгүй байдлын чухал салбарт төдийлөн их өөрчлөлт гарсангүй. Тэд Кремлийн найрсаг харилцаанаас маш их хамааралтай хэвээр байна.
Энэхүү хямрал нь энэ хавар, зунаас эхлэн гүнзгийрсэн бөгөөд Украины алсын тусгалтай дронуудын довтолгоо Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд амжилттай тусаж эхэлснээр өрнөв. Саяхан долдугаар сарын зургаанд дронууд Украины хилээс хоёр мянга долоон зуун километрийн зайд орших Омскийн тос боловсруулах үйлдвэрт анх удаа хүрч, улмаар Оросын хамгийн том боловсруулах байгууламж үйлдвэрлэлээ зогсооход хүрсэн юм.
Цохилтод өртсөн бензиний арван нэг дэх томоохон үйлдвэр болох Омскийн үйлдвэр нь Төв Ази болон Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гол суваг байв. Үүний улмаас Москва өөрийн бүс нутгуудыг түлшээр хангахыг урьтал болгосноор хөрш орнуудад тасалдал үүслээ.
Монгол Улс хэдийгээр хэзээ ч Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байгаагүй ч газрын тосны бүтээгдэхүүнийхээ ер гаруй хувийг Оросоос авдаг тул энэхүү цохилтод хамгийн өртөмтгий орноор тодорч байгаа юм. Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, шатахуун борлуулалтад үлэмж хязгаарлалт тогтоов. Сэрэмжлүүлэг дохио энэ оны эхээр Хятад улс АНУ болон Израилийн Ирантай хийсэн дайнтай холбоотойгоор газрын тосны урсгал тасалдсаны дараа бүтээгдэхүүний экспортоо хориглох үед аль хэдийн гарч байсан юм. Өөр сонголт байхгүй тул Оросын импорт түр хугацаанд улс орны түлшний бүх хэрэгцээг хангах ёстойг Монголын албаны хүмүүс хүлээн зөвшөөрч байв.
Кыргызстан мөн Оросын бензинээс бүрэн хамааралтай байгааг тус улсын ерөнхийлөгч Садыр Жапаров тэмдэглэсэн бөгөөд жил бүр дөрвөн зуун тавин мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг түргэсгэж байна. Үүний эхний шат нь үндэсний хэрэгцээний дөрвний нэгийг хангаж чадах бөгөөд Жапаровын хэлснээр бензиний хэрэгцээг өөрсдөө бүрэн хангахын тулд хамгийн багадаа дахин хоёр үйлдвэр хэрэгтэй байна.
Долдугаар сард Тажикистан руу нийлүүлэх Оросын хийн хэмжээ хагасаар буурч, Оросын нисэхийн керосины нийлүүлэлт бүрмөсөн зогсов. Душанбе хот орлох хэмжээг Казахстан, Узбекистан, Туркменистан улсаас хайсан ч үр дүн нь хязгаарлагдмал байлаа. Тажикистан улс Оростой жил бүр түлш нийлүүлэх хэмжээгээ тохиролцдог боловч энэхүү зохицуулалт нь ердийн зах зээлийн гүйлгээ гэхээсээ илүү улс төрийн тогтмол наймаатай адил харагддаг.
Узбекистан улс хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг хангадаг дотоодын боловсруулах хүчин чадалтай тул хөршүүдээсээ бага өртсөн ч Орос улс бензинийх нь бараг тал хувийг нийлүүлсэн хэвээр байна. Гурван үйлдвэр ажиллуулдаг Казахстан улс дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ бараг бүрэн хангаж байгаа тул хамгийн бага хохирол амсжээ. Гэсэн ч нөөц бололцоо хомс учраас хөршүүддээ тусалж чадсангүй. Тус улс жил бүр ер орчим сая тонн тос үйлдвэрлэдэг ч ихэнхийг нь түүхийгээр нь экспортолж, зөвхөн арван найман хувийг нь дотооддоо боловсруулдаг. Дахин нэг үйлдвэр барих тухай асуудал арван долоон жилийн турш яригдаж байна.
Энэхүү хямрал нь нийлүүлэлтэд тулгарч буй шууд сорилтуудаас илүү чухал бүтцийн эмзэг байдлыг илчиллээ. Эдгээр таван улс бүгд далайд гарцгүй бөгөөд өөр нийлүүлэлтийн замууд нь Орос эсвэл Хятад зэрэг хөрш орнуудыг дайран өнгөрөх ёстой. Каспийн тэнгис нь Азербайжан, яваандаа Иранаас газрын тосны бүтээгдэхүүн авах боломжит замыг санал болгож байгаа ч ийм хувилбаруудыг хөгжүүлэхэд дэд бүтэц, арилжааны хэлэлцээр болон улс төрийн үүрэг амлалт шаардлагатай.
Үнийн өсөлт нь олон нийтийн үймүүнийг хэрхэн дэгдээж болохыг тус бүс нутаг өмнө нь харсан. Казахстанд хоёр мянга хорин хоёр оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал хийн үнэ огцом өссөнөөс эхэлсэн бөгөөд Монгол, Тажикистан дахь түлшний дараалал, үнийн огцом өсөлт нь зөвхөн эдийн засгийн асуудал биш, улс төрийн тэсрэх цэгүүд болж хувирах эрсдэлтэй.
Москва түүхэндээ хөнгөлөлттэй түлшний үнийг хөршүүддээ үзүүлэх улс төрийн нөлөө, тэдний өөртөө үнэнч байдлыг нь хадгалах хэрэгсэл болгон ашиглаж ирсэн ч түүний энэ чадавхи эрс хумигдлаа. Газрын тос, хийгээр баялаг бүс нутаг өөрийгөө боловсруулсан бүтээгдэхүүнээр найдвартай хангаж чадахгүй байгаа бөгөөд хэд хэдэн улс ганцхан нийлүүлэгчийн аюултай хамааралд байсаар байгаа нь анхаарал татаж байна. Энэ нь зүгээр л зах зээлийн бүтэлгүйтэл, хөрөнгө оруулалтын сул тал уу, эсвэл анхнаасаа л Кремлийн зорилго байсан уу гэж асуух нь зүйн хэрэг юм. Хамаарал нь хөшүүргийг үүсгэдэг бөгөөд хөшүүрэг бол Москвагийн гадаад бодлогын төв хэрэгсэл билээ.
Тус бүс нутагт хэрэгцээнийхээ ихээхэн хэсгийг хангах боломжтой хамтарсан үйлдвэр барих түүхий тосны хангалттай нөөц байгаа хэдий ч тусгаар тогтносон гучин таван жилийн хугацаанд ийм төсөл хэрэгжсэнгүй. Үүний нэг тайлбар нь арилжааны шинжтэй бөгөөд тосны компаниуд засгийн газрууд нь хэрэглэгчийн үнийг бага байлгахыг эрмэлздэг зах зээлд борлуулж, дотооддоо боловсруулахаас илүү түүхий тосыг дэлхийн үнээр экспортлохыг илүү ашигтай гэж үзэж байж магадгүй юм. Том хэмжээний боловсруулах төслүүд нь урт хугацааны эрэлтийн баталгаа, тогтвортой зохицуулалт, санхүүжилт болон зардал, үр ашгийг хэрхэн хуваарилах талаарх тохиролцоог шаарддаг.
Эдгээр саад бэрхшээлүүд бодит боловч давагдашгүй биш юм. Бүс нутгийн стратеги нь боловсруулах шинэ хүчин чадал, төрөлжсөн импортын замууд, стратегийн түлшний нөөц болон илүү ил тод үнийн тогтолцоог хослуулж болно. Хамгийн гол нь ийм арга хэмжээнүүд нь аливаа нэг нийлүүлэгчийн зүгээс бий болгох тасалдлыг стратегийн хямрал болгон хувиргах чадварыг бууруулах юм. Үндсэн сургамж нь маш энгийн бөгөөд албан ёсны тусгаар тогтнол болон эрчим хүчний бодит бүрэн эрхт байдал гэдэг тусдаа ойлголт. Өөрөөр хэлвэл Төв Ази гучин таван жилийг эхнийхийг нь байгуулахад зарцуулсан бол дараагийн алхамаа эрчим хүчний бүрэн тусгаар тогтнолын зүг хийх хэрэгтэй гэсэн үг.
ТАТАР МАЙДАР







Гадаад




