Dark Light
Нийгэм | 2026-09-17

АХБ МОНГОЛЫН ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХАМГААЛАХ 3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ БАТАЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Азийн хөгжлийн банк Монгол Улсад охид, эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах төсөлд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж баталлаа.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад охид, эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг чиглэсэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх, сургуулийн орчныг аюулгүй болгох, хохирогчдод үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах болон холбогдох бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг албан ёсоор баталснаа зарлав.

Энэхүү санхүүжилтийн 1 сая ам.долларыг Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаас, харин 2 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкаар дамжуулан Япон улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Тогтвортой, уян хатан Ази, Номхон далайн бүсийн төлөөх Япон сангаас гаргаж байгаа юм. Дээрх санхүүжилт дээр Монгол Улсын засгийн газраас 1 сая ам.долларын хамтран санхүүжилтийг нэмж гаргахаар шийдвэрлэжээ.

Монгол Улс дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулаад нийт 19500 гаруй сурагчдын сурч боловсрох орчныг аюулгүй болгох зорилгоор ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, харуул хамгаалалт болон гамшигт тэсвэртэй байдлын шаардлагыг ханган шинэчлэн засахаар төлөвлөсөн аж. Мөн түүнчлэн сонгогдсон 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрийг эхлүүлж, сургалтын материалыг шинэчлэх, багш ажилчдыг чадавхжуулах, олон нийтийн оролцоог хангах болон сургуулийн орчинд болон цахим орчинд үйлдэгдэж буй дарамт шахалтыг арилгах цахим аюулгүй байдлын санаачилгуудыг хэрэгжүүлэх юм.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жон Жүхён Жон тэмдэглэхдээ, уг төсөл нь хүүхэд, залуучуудад зориулсан сургалтын орчныг илүү аюулгүй, таатай болгохын зэрэгцээ гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Тэрээр сургууль, олон нийт, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон бодлого боловсруулагчидтай хамтран ажилласнаар Засгийн газрын хөтөлбөрүүдээр дамжуулан цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой инновацын шинэ арга барилуудыг турших бөгөөд энэ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, эрүүл, аюулгүй нийгмийг цогцлооход тусална гэдгийг онцолсон юм.

Монгол Улс дотоодын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангахад тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тулгамдсан асуудал хэвээр байна. Судалгаагаар 15-аас 64 насны эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү хувь нь хамтран амьдрагчийн зүгээс үйлдэгдэх хүчирхийлэлд ямар нэг байдлаар өртөж байсан боловч нийгмийн хэвшмэл ойлголтоос шалтгаалан, ялангуяа хөдөө орон нутагт хохирогчид гомдол гаргах, тусламж авахаас эмээдэг байна. Мөн сургуулийн орчны үе тэнгийнхний дарамт, цахим дарамт болон цахим орчин дахь доромжлол нь хүүхэд залуучуудын аюулгүй байдалд улам бүр заналхийлж байна.

Уг төсөл нь хүчирхийлэлд өртсөн болон эрсдэлт бүлгийн залуучуудад зориулсан нөхөн сэргээх, дахин хөгжүүлэх, чадавхжуулах хөтөлбөрүүдээр дамжуулан тусламж үйлчилгээний чанарыг эрс сайжруулахын зэрэгцээ багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг анхан шатны тусламж үзүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлого, институцийн шинэчлэлийг дэмжих, түүний дотор цахим орчин дахь дарамт шахалтын шинэ хэлбэрүүдтэй тэмцэх хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.




Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19