Dark Light
Гадаад | 2026-09-16

ШАТАХУУНЫ ТОМООХОН ЛУЙВАР БОЛОН "АЛТАН ВИЗ"-НИЙ ДАЛД СҮЛЖЭЭНИЙ АРД

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Олон улсын бодлогын судалгааны "International Policy Digest" сэтгүүлд Монголын соёл, урлагийн салбарын нөлөө бүхий эрхмүүд болон Төрийн өндөр албан тушаалтнуудыг дамнасан, 1.1 тэрбум ам.долларын шатахууны томоохон луйвар, "алтан виз"-ний далд сүлжээний тухай эрэн сурвалжлах нийтлэл 9 дүгээр сарын 15-ны өдөр нийтлэгдлээ.
Уг нийтлэлд Улаанбаатар хотноо 2022 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны олон улсын орчин үеийн урлагийн орон зай гэгддэг "Лхам" (Lkham) галерей болон түүнийг үүсгэн байгуулагч Мангаламын Нацагсүрэн нарын цаана өрнөж буй санхүүгийн ноцтой сүлжээг илчилжээ.
 
1.1 тэрбум ам.долларын шатахууны луйвар ба хувьцаа шилжүүлэг
 
Монгол Улс шатахууны хомсдол, үнийн өсөлтөд нэрвэгдэж байх үед "Лхам" галерей улс төр, бизнесийн элитүүдийн цугларах дуртай газар хэвээр байв. Гэвч тус галерейн үүсгэн байгуулагч М.Нацагсүрэн нь Монголд 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан "Лекс Ойл" (Lex Oil) болон "Трафигура" (Trafigura)-тай холбогдох луйврын хэргийн төвд буй Эрдэнэсүрэнгийн Жононбаярын гэр бүлийн болон бизнесийн гүн холбоотой болохыг тус нийтлэлд дурджээ.
  • Хөрөнгө шилжүүлэг: "Лхам" галерей нээгдсэнээс хэдхэн долоо хоногийн дараа буюу шатахууны луйврын ажиллагаа өрнөж байх үед Э.Жононбаяр  нь Сингапурт бүртгэлтэй "Cocoon Capital Partners" компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг М.Нацагсүрэн рүү шууд шилжүүлсэн байна.
  • Улс төрийн холбоос: Тэд хамтдаа 2023 онд галерейн үзэсгэлэнд оролцсон ба тухайн үед Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцроход нөлөөлсөн авилгын дуулианд нэр холбогдсон "Alpha Aurora Aviation" нисдэг тэрэгний компанийн гүйцэтгэх захирал Дэвид Эдвардс мөн хамт байжээ.
"Алтан виз"-ний зуучлал ба Олон улсын сүлжээ
 
"Лхам" галерейн бизнесийн хөгжил хариуцсан удирдагч, Израиль-Америкийн иргэн Йосеф Шэрон (Yosi) нь М.Нацагсүрэнг Европ дахь маргаантай "Хөрөнгө оруулагчийн оршин суух зөвшөөрөл" буюу "Алтан виз" (Golden Visa)-ны схемүүдтэй холбож өгдөг гол хүн болох нь тогтоогдсон байна.
 
Тэд олон жилийн өмнөөс хамтран ажиллаж, Кипр, Грекийн алтан визний хөтөлбөрийн удирдлагууд болон Оросын хүнсний бөөний худалдааны "PNY Trade" зэрэг компаниудаар дамжин Э.Жононбаярын гэр бүлийн махны экспорт, Дубай дахь газрын тосны брокерын "Rigel Core", "APEXPP Commodities" зэрэг компаниудтай хамтын сүлжээ үүсгэн ажиллаж байсан нь баримтаар ил болжээ.
 
Урлагийн нэр хүндээр халхавчилсан нь
 
Энэхүү санхүүгийн далд сүлжээг үл харгалзан "Лхам" галерей нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын соёлын хөтөлбөрт багтаж, Версалийн ордон, Нантын түүхийн музей, Парис дахь поп-ап үзэсгэлэнгээ гаргаж байв. Мөн Цюрих хотын Риетберг музей (Museum Rietberg), Чингис хаан үндэсний музей болон Шинжлэх ухааны академитай хамтарсан томоохон үзэсгэлэнг зохион байгуулж, тухайн үеийн Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар зэрэг төр, засгийн удирдлагуудыг байлцуулж байсан нь түүнийг урлагийн нэр хүндээр халхавчлан олон улсад prestige буюу давуу эрх олж авахад тусалсан гэж шинжээчид үзэж байна.
 
Энгийн Монгол иргэд инфляци, үнийн өсөлт, шатахууны дараалалд зогсож байхад, тэрбум ам.долларын луйврын хэрэг болон далд санхүүгийн сүлжээний мөнгө олон улсын нөлөө бүхий музей, соёлын байгууллагуудаар дамжин хэрхэн угаагдаж, урлагийн нэр хүндээр халхавчлагдаж буйг энэхүү эрэн сурвалжлах нийтлэл анхааруулсан байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19