"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотойгоор мэдэгдэл хийлээ.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон:
Миний хувьд 2019 оноос ээлжийн амралт эдлээгүй байсан тул эхний хагас жилийн тайлангаа "Эрдэнэс Монгол" ХК-д тайлагнаад мөн удирдах ажилтны зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлээ тайлагнасны дараа тодорхой хугацаанд ээлжийн амралтаасаа эдлэх зөвшөөрөл авсны дараа 2023 оны 8 сарын 16-наас ээлжийн амралтаа авсан. Энэ үед ажил хаялтын талаар Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл гаргасан ба энэ үед миний бие ээлжийн амралттай байсан учраас энэ үеийн эхний өдрүүдэд байгаагүй гэдгээ хэлмээр байна. Ажил олгогчийн хувьд Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо нягт хамран хэлэлцээр хийн ажиллаж, хэлэлцээрийг үргэлжлүүлж хамтран баталсан дэгээ дагаж мөрдөж ажиллаж байсан. Яагаад гэвэл хамтран баталсан дэгийн дотор тодорхой заалтууд байсан бөгөөд бүр арга мухардсан үед дараагийн шатны арга хэмжээ авахаар ярилцсанаас гадна хэлэлцээрээр ярьсан зүйлийг гадагш гаргахгүй, хэвлэлд мэдэгдэхгүй гэсэн учир өнөө өглөөг хүртэл сошиал орчинд тавиагүй байсныг мэдэгдэхийг хүсэж байна. Нөгөө талаас өчигдөр орой уриалга гаргасан бөгөөд тэрэнд ажилчдыг ямар нэгэн байдлаар дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн зүгээс хийж байгаа энэ ажлыг удирдлагын хувьд хүндэтгэж байна. Ажил хаялт бол хүн бүрийн эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа. энэ ажил хаялтад оролцсон ажилчдын хувьд хэрвээ шүүхээр хууль бус гэдэг нь тогтоогдвол сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учраас ажил олгогчийн хувьд ажилчдадаа анхааруулах үүднээс өчигдөр орой уриалга гаргасан.
н.Мөнгөншагай үйлдвэрийн удирдлагын хувьд ажлыг зогсонги байдалд оруулсан гэж хэлсэн боловч энэ бол үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Түрүүний хэлсэнчлэн дэгийн дагуу 6 удаа хуралдаж, маш олон асуудал дээр зөвшилцөлд хүрч зөвхөн үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх гэсэн асуудал дээр үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлын дэгээ зөрчиж хурлыг орхиж гарсан. Үүний дараа "Эрдэнэт үйлдвэр"-ийн зүгээс аргагүй байдал буюу өөрсдийн нь гаргасан хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж, шүүхэд хандсан.
Мөнгөншагай нь 2023 оны 2 сард үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан бөгөөд тэр үед удирдлага сонгуульд оролцож байсан бүх хүний мөрийн хөтөлбөртэй танилцаж зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэж мэдэгдэл гаргаж байсан. Мөн Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдсоных нь дараа Ерөнхий инженерийн зүгээс, Ерөнхий захирлын зүгээс, Тамгын газрын даргаас Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж хэлж байсан ч 50 хувь үндсэн цалинг нэмнэ гэдэг нь үндэслэлгүй, судалгаагүй, боломжгүй гэдгийг удаа дараа анхааруулан хэлж байсан.
Бидний хувьд удирдлагууд ярилцаад ажилчдынхаа цалинг 2024 оноос 15 хувиар нэмэх талаар зөвшилцөл хүрсэн байсан. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2024 онд 15 хувь, 2025 онд 15 хувь, 2026 онд 15 хувь гээд шат дараалалтайгаар цалин нэмэх саналыг тавьсан. Энэ нь хэдийгээр 45 хувиар нэмж байгаа ч өмнөх нэмэгдсэн цалингийн хувиар бодогдох учир нийтдээ 3 жилийн хугацаанд 56 хувиар нэмэгдэх ийм тооцоог бид гаргаж танилцуулсан. Гэвч Үйлдвэрчний эвлэлийн зүгээс бидэнд ямар нэгэн судалгаа, тооцоотой хариу тайлбар өгөөгүй зөвхөн 50 хувиар л нэмнэ гээд хурлыг хаяж гарсан. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь улсын төсвийн 10 гаруй хувийн бүрдүүлдэг учир бүх тооцоо судалгаа тодорхой болсон байдаг. Цалинг 50 хувиар нэмнэ гэдэг нь 220 гаруй тэр бумын нэмэлт ачаалал орж ирж байгаа учраас маш их дарамт ирэхээр байсан учир төрийн байгууллагуудад мэдэгдээд ирлээ.
Би өөрөө уурхайчин хүн, 20 гаруй жилийг уурхайд өнгөрөөсөн хүний хувьд уурхайчдын цалин бол үнэ хүндтэй, хийсэн ажилдаа тохирсон цалин авч байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ажилчдын цалин нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн сонгуульд ялахын тулд санаанд орсон тоогоо хэлж муйхарлаж зүтгэх нь өнөөдрийн бидний хэлэлцээрийг зогсонги байдалд оруулсан гэдгийг хэлмээр байна. Үндэслэлгүй цалин нэмэх нь олон талын сөрөг үр дагавар дагуулна. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон төрлийн төсөл хэрэгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх учир нэг жилд цалин нэмээд 220 гаруй тэрбум төгрөг нэмэгдэх нь дараа дараагийн төсөл хэрэгжүүлэхэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэлмээр байна. Бусад төрийн байгууллагын цалин болон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн цалин харьцуулахад 1,9-3 дахин өндөр цалинтай. Энэ бол үнэхээр арга ядаад Үйлдвэрчний эвлэлээр эрх ашгаа хамгаалуулах хэмжээний цалин биш гэж үзэж байна. Өчигдөр орой гаргасан уриалга нь ажилчид хууль бус зүйл дагаад хохирох вий гэсэн үүднээс сануулга болгосон. Үйлдвэрчний эвлэл зөвшилцлөө үргэлжлүүлэн ярилцана гэвэл үүд хаалга хэзээд нээлттэй гэдгийг хэлье" гэв.
АДМИН







Нийгэм




