Нэхэмжлэгч “К” нь “Ц” сумын Засаг даргад холбогдуулан ““Ц” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “И” хэмээх улсын тусгай хамгаалалттай газарт барьсан “А”-ийн 8х4 харьцаатай модон байшинг буулгаж, буурийг нь цэвэрлэж байгаль хамгаалагчид хүлээлгэж өгөх тухай захиргааны акт гаргахыг “Ц” сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ “... миний намаржааны газарт “А” нь хууль бусаар байшин барьсны улмаас мал маллах, бэлчээр ашиглах, оршин амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж тайлбарлажээ.
Шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хамаардаг болох нь, тухайн нутаг дэвсгэрт гуравдагч этгээд “А” нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 8х4 харьцаатай модон байшинг, нэхэмжлэгч “К” байшин, хашаа, хороог барьж мал аж ахуй эрхэлж амьдарч байгаа үйл баримтууд тогтоогдсон ба шүүхээс нэхэмжлэгчийн “К”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудад байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг хуульчилсан, тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбарлаж буй уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг байгалийн цогцолбор газрын зөвхөн хязгаарлалтын бүсэд зөвшөөрөгдсөн, харин тухайн бүс буюу аялал жуулчлалын бүсэд байшин, хашаа хороо зэрэг барилга байгууламж барьж амьдрах, мал аж ахуй эрхлэхийг хоригложээ.
Энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь өөрөө хуулиар хориглосон газарт хууль бусаар барилга байгууламж барьж амьдарч байгаа тохиолдолд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар маргаан бүхий газарт хууль ёсоор амьдрах, мал аж ахуй эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэхгүй гэж үзсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша
АДМИН







Нийгэм




