“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-34” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Номын баяр-34 арга хэмжээний нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ жилийн номын баярын онцлог нь олон улсын зохиолч уран бүтээлчид оролцож, өнгөрсөн одоо ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээсийг тодотгосон динозавр, робот зэргийг брэндээ болгосон нь хуран цугласан хүүхэд залуус, олон нийтийн талархлыг хүлээж байлаа.
Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт... хэмээн Монгол Улсын Төрийн гурван удаагийн соёрхолт, анхны Ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн гуай үр хойч бидэндээ бичиж үлдээжээ.
Монгол Улс анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн жилээс жилд өргөжин хүрээгээ тэлж, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болоод байгаа билээ.
Түүнчлэн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тогтмол зохион байгуулж, өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлснээр бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдлоо өгсөөр байна.
Ийнхүү “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь номын соёл түгэн дэлгэрэх, ирээдүйн уншигчдыг номд дуртай болгон төлөвшүүлэх, зохиолч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг үнэлэх, ном уншлагыг дэмжих, хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэн тустай юм.
Номонд дурлагч, уншигч Та бүхнийг “Үндэсний бичиг соёл, номын өдөр”-т идэвхтэй оролцож, номын талбайд зохион байгуулж байгаа арга хэмжээнд зочлон саатахыг урьж байна.





АДМИН







Нийгэм




