Монгол бол тайван амьдарч ч болдоггүй, тайван нойрсож ч болдоггүй орон. Хулгайч нар машины эд анги тонодог байсан бол эмч нар хүний эрхтэн тоносон жигшүүрт хэрэг явдал гарсныг zarig.mn сайт илчлэн дэлгэлээ. Ар гэрийнхэн нь 3 хүүхдийн ээж, 30 настай залуу бүсгүйн А-гийн цогцсоос хоёр бөөр, элгийг нь шилжүүлэхийг зөвшөөрсөн ч өвдөг, шагайг нь хулгайлж аваад, цаас, картон хавчаардан үдсэн мэт оёсон байсныг оршуулах үедээ мэджээ. Гурван хүнд амьдрал бэлэглэсэн биш улсаас олгох 3,5 сая төгрөгөө авах гэтэл дарга нар ийш тийш явуулж, хаалга үүдээ сахиулж, хүний ёсонд харш хүн чанараар хог болсон хүнд суртал гаргасан байна. Улс залуу хүний эрүүл хоёр бөөр, элгэнд 3,5 сая төлөх гэж хүнд суртал гаргасан бол амийг нь хохироосон жолооч хүүхдүүдэд 3 пүүз өгсөн байна. Монгол хүний амь нас, эрүүл залуу эд эрхтэн 3,5 сая төгрөг, 3 хятад пүүзний үнэтэй байна гэсэн үг юм.
Донорын тухай хуулиа дагаж мөрдөх дүрэм журмын гажуудал, эмч нарын хүний ёсноос гажууд үйлдлээс болж талийгаач бүсгүйн элэг, бөөрөөр амьдарч яваа хүмүүсийн сэтгэл санаа, цаашдаа эд эрхтэн шилжүүлэхэд ч хор урхаг тарилаа. Донорын мэргэжилтний хэлж буйгаар өнгөрсөн жилд 64 хүний ар гэрээс бусад амьдрал бэлэглэхийг хүсэхэд 34 нь л зөвшөөрсөн байна. Хайртай дотно хүнээ алдчихаад гашуудаж байхад нь гэрт нь очоод эд эрхтнийг нь өгөөч гэж хэлж ярилцах хэцүү ажил улам хэцүү болж байна гэсэн үг. Талийгаачийг амар тайван байлгаагүйгээр зогсохгүй донор хэрэгтэй хэн бүхний амь насанд гай гамшиг болсон эмгэнэлт хэрэг явдлыг давтахгүй тулд дүрэм журмаа сайтар өөрчлөн сахиулахыг энэ хэрээг явдал нотлон харууллаа.
АДМИН







Нийгэм




