Dark Light
Нийгэм | 2023-09-17

Хувийн биеэ угаах хэрэглээг хязгаарлана уу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн машин унахыг хязгаарлана гэж түгжрэлийн сайд түгжрэлгүй хэллээ. Түгжрэлд  олон шинэ автобусгүй, макет хэвээрээ он оныг үдсэн метрогүй, дүүжин тээвэргүй, LRT, BRT-гүй, дугуй уная гэхээр өвөл болохоор хүйтэн болдог хотын иргэд буруутгагдаж байна. Алхъя гэхээр нус гоожиж, сормуус цантаад, дугуй жийе гэхээр жилийн талд хөлдүүс болчих гээд, автобусанд сууя гэхээр ирэхгүй, арай гэж багтахаар жирэмсэн нь төрчих гээд, зүгээр нь жирэмсэлчхээд гээд байгаа хотын иргэд хувийн машиндаа түгжрэхээс өөр сонголт одоогоор алга байна. Хувийн машин түгжрүүлдэг, цэнхэр дугаар зүүж цэхэлзсэн албаны хар машинууд түгжрэл үүсгэдэггүй, үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисэж явдаг бил үү гэх мэт гомдол хөвөрнө. 

20 хоногт барина гээд 2 жил болсон ч Яармагийн нүхэн гарц нээгдсэн, 1 км замын өртөгтэй ч 1-р эгнээг хашиж, нийтийн тээвэр арай хурдан болсон, шинэ автобуснууд явж эхэлсэн, богино рейс нэмэгдсэн, Эрэлийн Эрдэнэбатын танкны саадыг давчихвал Мишээл экспог Говийн замтай холбох дөхсөн, 34 мянган машин нэвтрүүлэх чадалтай Зайсангийн гүүр 9-р сард багтана гэсэн боловч яаж зүгээр байх вэ гэгчээр сараар хойшлоод ч болов ашиглалтад орно  гэх мэт ахиц дэвшил байгаа боловч түгжрэлтэйгээ адилхан удаан байна.  

Монгол Улсын газар нутгийн 0,3 хувь болсон алга дарам газар, Алтан тэвшний хэмээх ганцхан хөндийд 1,5 саяулаа багшран шамбаарсан түгжрэлийг сайд Ж.Сүхбаатар ажлын албаны 10 хүнтэйгээ ганц хоёрхон жилд тайлж онгойлгохгүй нь үнэн боловч хийтэй үгэндээ ороогдож, хэрэггүй шийдвэрүүд олны эгдүүг хүргэсээр байна. 

Миний ажлыг Ерөнхий сайд л үнэлж дүгнэнэ,  би хашаа хайсны үнэ мэдэхгүй, түгжрэлийн 420 тэрбумыг би зарцуулаагүй. 420 тэрбум төгрөгт хэний гарын үсэг байхаас илүү түгжрэлд амьдралын алтан цагаа, цалин мөнгөө алдаж буй иргэд үр дүн, бүтээмжээ тавьж тууж буй эдийн засаг хурд нэхэж байгаа юм, жанжин Сүхбаатар биш ч Жамъянхорлоогийн Сүхбаатар жанжин минь гэж байна. Төлөвлөдөггүй хот, га га-гаар нь зарсаар газар гэдэг үгийг бүтнээр нь хэлж чадахаа больтлоо га-зар гэж ойлгодог газрын мафи, газрын авлига, тогтолцооны гажуудалд ганцхан Сүхбаатар буруутай бишийг хүмүүс мэдэж байна.

Хүн хувийн өмч хөрөнгөө хэзээ хэрхэн эдэлж хэрэглэхийг хориглож заагаад байх нь юу гэсэн үг вэ? Энэ жишгээр бол регистрийн дугаар нь сондгойгоор төгссөн хүмүүс даваа, лхагва, баасанд явна, тэгш нь мягмар, пүрэв, бямбад гэрээс гарна. Гар утасны дугаар нь сондгойгоор төгссөн зөвхөн 1, 3, 5 дахид ярина гэх мэтээр  хүрээгээ  тэлэх үү? Цаашид цэвэр, бохир, халуун хүйтэн ус, гэрэл цахилгаан бүгд ачааллаа дийлэхгүй байгаа тул хувийн биеэ угаах, хувийн бүдүүн гэдсээ суллах хэрэглээг хязгаарлах ажил хэрэгч санал санаачилга гарахыг ч үгүйсгэхгүй.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19