Зам гэснээс Говь-Алтай аймгийн Бугат суманд шороон замын тууз хайчилсан байна. Машин явж болдоггүй хавцлыг засаж онгойлгон шороон замтай болгосон, зам бүхэн асфальтан байх албагүй, нутгийн ард иргэдэд үр өгөөжтэй ажил мөн үү гэвэл мөн. Гагцхүү уулын сүв хавцал дунд, салхи шуурган сөрөн, дуун цацруулагч асаан, дуу хөгжим хангинуулан, цагаан цамцтай сурагч охиноор тууз бариулан, тоглосон шинжгүйгээр тун чиг ажил хэрэгчээр хайчлах сүрт ёслол хүмүүсийн хөх инээдийг хүргэж, өөрсдийнхөө хийсэн бүтээснийг ч үнэгүйдүүлэх шалтаг далим үүсгэлээ. Ийм ийм хүмүүс, тийм тийм байгууллага нутгийн ард түмэндээ зориулан энэ замыг засаж нээв гэсэн ганц пайз байхад л болчих зүйл дээр “Юун сүртэй юм”. Ер нь бол манайх торгон алтан тууз, товруу мөнгөн хайчны эх орон билээ. Тууз хайчлах нь нэг төрлийн дон бөгөөд бэлтгэсэн хайчнаасаа олон дарга ирсэн тул нэгэн хурган дарга хоёр хуруугаар хайчлах дүр эсгэн ориг үзүүлбэр үзүүлсэн удаатай. УИХ-ын гишүүд эмнэлгийн ор, жорлон, бохирын шугам нээж, анхны хэрэглэгч нь болж биеэ засаад төрөө засахын үлгэр үзүүлдэг явдал сонгууль дөхөх тусам улам ихэснэ. Москвад суугаа элчин сайд асан яамныхаа байрны цэвэр усны шугамын засварыг ёслол төгөлдөр хүлээн авч, крант тосгуурын туузыг хайчилж, цоо шинэ цэвэр усны анхны эргүүлгийг хийж магнайгаа шавшсан гэх мэт машинд гайхамшигтай ёслол төгөлдөр түүхэн үйл явдлын эзэн болж байсан удаатай.
Нийгэм | 2023-09-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




