“Хөдөөгийн сэргэлт- “Нээлттэй Төв аймаг” уулзалт, форумд 11 илтгэгч төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. Эдгээр илтгэгчдийн 60 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар ярьсан бол үлдсэн хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл байв. Илтгэгчдийн дараа өнөөдрийн ярьсан төсөл, хөтөлбөрүүдийнхээ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчдынхоо сонирхсон асуултад хариу өглөө. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан багц асуудлын нэг бол Хот, хөдөөгийн сэргэлт юм.
Энэ хүрээнд Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна гэж үзэж буй. Мөн аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн үзсэн. Энэ бүхний хүрээнд Төв аймгийн удирдлагууд хэрхэн анхаарч ажиллаж байгааг, төрийн зүгээс хэрхэн дэмжиж ямар төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн хийгээд бизнесийн байгууллагын оролцоо хэр чухал, хувийн хэвшил бас иргэдийн тусламж, дэмжлэг ямар байгааг гээд олон асуудлыг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Аймаг, сумдаа хөгжүүлж, төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж, түүний дагуу бүтээн байгуулалт болон бусад ажлаа хийхэд төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид нэмээд иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал юм. Иймээс өөр хоорондын хамтын ажиллагааг улам боловсронгуй болгож, илүү гар нийлж хамтран ажиллах ёстой гэдэг дээр санал нэгдэж байв. Мөн төрийн бодлого тогтвортой байж, эхлүүлсэн төсөл хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж, ард нь гарах ёстойг хэлэх нэгэн ч байлаа. Төрийн байгууллагынхан, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, тус аймгийн болоод 27 сумын иргэд гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнээр цугласан учраас хэлэлцүүлэг ч үр өгөөжтэй, амжилттай өрнөж байна.
Улаанбаатарын хүн амын ачаалал туйлдаа хүрч агаар, усны бохирдол, замын түгжрэл бөглөрөл, утаа угаар гээд олон тулгамдсан асуудлаас болж иргэд нь хөмсгөө зангидсан, уурлаж уцаарласан байдалтай болсон гэвэл хилсдэхгүй. Зөвхөн манай улсад бус дэлхий нийтээрээ л төв суурин газрынх нь ачаалал толгойн өвчин болсон цаг үе. Энэ цаг үед Төр засгийн зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого” -ыг тодорхойлж, Хот, хөдөөгийн сэргэлтэд анхаарч эхэлсэн нь нүдээ олсон болохыг хэлэлцүүлэгт оролцогчид магтан сайшааж байлаа. Төв аймгийн тухайд бусад аймгаас ялгарах онцлог, давуу тал нь Улаанбаатарыг тойрон хүрээлж оршдог, хамгийн ойр аймаг. Төв аймагт шилжин суурьших иргэдийн тоо 2023 он гарсаар 800,000 хүрч, 25 аж ахуйн нэгж Улаанбаатарын харьяаллаас хасуулж, тус аймгийн харьяат болж үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Энэ тоо цаашид өсөх төлөвтэй байгаа бөгөөд Төв аймгийг сонгон суурьших, шилжин ирэх иргэдэд үүд хаалга нь нээлттэй байгааг аймгийн удирдлагууд онцолсон. Хөдөөгийн сэргэлт- “Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум маргааш үргэлжилнэ.
АДМИН








Нийгэм


