Булган аймгийн Бугат сумын уугуул, Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амар сайдын мэндэлсний 140 жилийн ойг тохиолдуулан түүний үйл хэрэг, түүхэн гавьяаг мөнхжүүлэх, дурсгалыг хүндэтгэх зорилгоор суварга бүтээн, сац өргөх ёслолыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Агданбуугийн Амар сангийн тэргүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн Засаг даргын орлогч асан үйлчилгээний гавьяат ажилтан П.Дамба, Бригадын генерал Б.Ууганбаяр болон аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, дипломатч Агданбуугийн Амар 1886 онд Булган аймгийн Бугат сумын нутагт төржээ.
Тэрээр бага наснаасаа монгол бичиг, манж, төвөд хэл сурч, Монголын түүхийг сонирхон судалж эхэлсэн бөгөөд төрийн албаны гараагаа арван гэр, багийн бичээчээс эхлүүлсэн түүхтэй.
1913 оноос Гадаад яаманд эх зохиогч, дэс түшмэлээр ажиллаж, төрийн албанд олон жил үр бүтээлтэй зүтгэжээ.
Агданбуугийн Амар 1928-1930, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар, 1932-1936 онд Улсын Бага Хурлын даргаар тус тус ажиллаж, Монголын төр, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн эрхэм юм.
Түүний төр, нийгмийн зүтгэл, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хийж бүтээсэн үйл хэргийг хойч үедээ таниулан сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэхэд энэхүү суварга хүндэтгэлийн бэлгэдэл болж байна.

АДМИН







Нийгэм


