Дархан-Уул аймгийн “Бүтээлч залуус + Мөрөөдөл” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Отгонбаатартай ярилцлаа. Тэрбээр тус төрийн бус байгууллагаараа дамжуулан 15 жил Дархан-Уул аймагт сайн үйлс хийсээр иржээ. Шинэ оноор багийнхантайгаа хамтран Дархан-Уул аймгийн 200-гаад өрхийн хүүхдүүдэд бэлэг, хувцас, хичээлийн хэрэглэл, хоол хүнс, нүүрс гээд хэрэгтэй зүйлээр нь тусалж ажилласан байна. Энэ тухай түүнтэй ярилцлаа.
-Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажилласан байх. Дархан-Уул аймгийн хэмжээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хэчнээн айл өрх байдаг тухай тоон судалгаа байдаг уу?
-“Бүтээлч залуус + Мөрөөдөл” төрийн бус байгууллага маань 15 дахь жилдээ “Зүрх бүхэн баярлаг аян”-ыг хийж байна. Аяны зорилго нь тусгай хэрэгцээт, хагас өнчин, архины хамааралтай гэр бүлийн хүүхдүүд, нэн ядуу айл өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гээд зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрэх гэж ажилладаг. Хоёрдугаарт, бид энэ аяныг яах гэж хийж байгаа вэ гэхээр дараа нь ямар ямар хүүхдүүд хаана байна, ямар нөхцөл байдалд амьдарч байна гэдгийг судлах зорилготой. Тэгж судалсны үндсэн дээр тухайн хүүхдүүдэд дараа нь ямар хариу арга хэмжээ авах вэ, энэ айлд яаж туслах вэ гэдэг дараагийн арга хэмжээгээ авдаг. Аян нь 100 хувь иргэдийн хандив тусламжаар санхүүжилт босгоод, бэлэг, хувцас, хичээлийн хэрэглэл гэх мэт хэрэгтэй зүйлийг нь цуглуулаад зорьсон хүүхдүүддээ хүргэдэг. Дархан-Уул аймгийн гэр хорооллын багт ерөнхийдөө 100-200 амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх байгаа. Нэн ядуу гэхээсээ архины хамааралтай гэр бүл их болоод байна. Архинаас үүдэж л энэ бүхэн үүсч байгаа. Ажил хийхгүй, заримынх нь аав, ээж шоронд хоригдчихсон. Зарим нь эмчилгээнд явчихсан гэх мэт байдлууд их байна л даа.
-15 жилийн хугацаанд тухайн айл өрхүүдийн тоо өссөн үү, буурсан уу. Бас багагүй хугацаа шүү дээ. Энэхүү сайн үйлсийн аянаа өрнүүлээд явахад тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Хамгийн хэцүү зүйл нь архи. Архитай урвуу хамааралтай. Жил ирэх тусам архины хамааралтай гэр бүл багасаж байгаа л даа. Гэвч насжилт нь залуужиж байна. Тэр хамгийн том асуудал. Кейсүүд дээрээ бид хариу арга хэмжээ авдаг. Жишээ нь, сургууль завсардсан хүүхдүүд байвал тэр хүүхдийг яах вэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яах вэ. Үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг яах вэ гэх мэтээр хариу арга хэмжээг авч ажилладаг.

-15 жилийн хугацаанд та бүхний тусалж байсан хүүхдүүд эхнээсээ нас биед хүрсэн байх. Амьдрал дээр тухайн хүүхдүүд гараад хэр төлөвшилтэй иргэн хүн болж чадаж байна вэ. Энэ талаар бас анхаарч ажиллаж байна уу?
-Тухайн хүүхэд амьдрал дээр гарахад гэр бүлийн төлөвшил, хүмүүжил, боловсрол, хувь хүний ухамсар гээд маш олон зүйлээс шалтгаална. Хоёрдугаарт, дан манай төрийн бус байгууллага биш аймаг орон нутаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хүүхдэд чиглэсэн байгууллагууд бүгд хамтраад явж байна. Хууль эрх зүйн хүрээнд цагдаагийнхан яаж ажиллах вэ гэх мэтээр хамтраад явдаг. Сайн үр дүн гарсан олон кейс бий. Үр дүнд хүрч чадаагүй кейсүүд ч олон байна.
-Та нийгмийн сүлжээнд тухайн тусламж, үйлчилгээгээ нээлттэй бичиж идэвхтэй байдаг шүү дээ. Нөгөө талаас сөрөг зүйлүүд их бичсэн харагддаг. Аваачиж өгсөн зүйлийг чинь архинаас худалдах вий дээ гэх мэтээр. Үүн дээр яаж анхаарч байгаа вэ?
-Бид энэ ажлыг зөвхөн өчигдөр, өнөөдөр хийгээгүй. 15 жилийн туршлага байна. “Зүрх бүхэн баярлаг” гэж нэрийг өгөөд, хүүхдүүдийн араас хөөцөлдөөд явсан нь 15 жил болохоос жишээлбэл, миний хувьд төрийн бус байгууллагын салбарт 20 жил ажиллажээ. Бид ямар айлд нь туслах, ямар айлд нь хуулийн арга хэмжээ авч ажиллах, ямар кейсэд нь яаж зохицуулахаа туршлагаараа мэднэ. Жишээлбэл, цамц өглөө гэхэд нэг товчийг нь таслаад “Миний дүү товч хадаж сураарай” гээд гарт нь бариулна. Эсвэл жижигхээн сэмлэнэ. Гурил байлаа гэхэд заавал амыг нь задална. Будаагаа ч гэсэн амыг нь задлаад өгнө. Мэдээж шуудай, шуудайгаар нь өгч чадахгүй шүү дээ. Хэрэв тэгвэл талыг нь аваачаад л зарчихна. Гэх мэтээр тухайн өрх нь ямар айл вэ гэдэг чинь маш том харгалзаж үзэх шалтгаан юм. Энэ гурилыг өгөхөөр аваачаад зарчих уу, үгүй юу гэдгийг ажилласан туршлагаараа мэднэ. Түүгээрээ бид айлуудаа ялгаад хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

-Хүүхдүүд эхнээсээ том болцгоогоод танай багийн нийгмийн ажилд оролцож эхэлсэн тохиолдлууд бий юу?
-Байлгүй яахав. Хэцүү байсан айлын хүүхдүүд амьдрал дунд нухлагдаад, төлөвшөөд, сайн боловсрол эзэмшсэн хүүхдүүд байна. Аянд оролцоод тусламж авч байсан айлын хүүхдүүд гадаадын томоохон их, дээд сургуульд сурч байна. Төгссөн ч байна. Ахиц дэвшил их байгаа. Эргээд бидэнтэй нэгдээд дараа дараагийнхаа дүү нарт туслаад, хандив тусламж өгөөд явдаг зөндөө хүүхдүүд байгаа. Манай аянд хандив ирсэн тохиолдолд би сошиал хаягтаа шууд нийтлээд явдаг. Зарим хүмүүс нийтэлж хэрэггүй сэтгэлийн юм шүү гэнэ. Зарим нь бичих эсэхээ өөрөө мэд гэнэ. Би бол бичих дуртай. Бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулж байгаа хүмүүсийг нийгэмд алдаршуулах ёстой. Энэ хүн эдгээр хүүхдүүдэд, айл өрхөд ингэж туслалаа гэдгийг бичих нь зөв санагддаг. Өнөөдөр хэнд ч илүүдээ гарсан мөнгө байхгүй шүү дээ. Сэтгэл гаргаад хүнд өгч байгаа хүнийг олон нийтэд таниулах нь зөв гэж би боддог.
-Таны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа айл өрхийн хүүхдүүдэд үл хайхрах хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүд цөөнгүй гэлээ. Тэдгээр хүүхдүүдэд дараа нь ямар хариу арга хэмжээ авч байна вэ?
-Мэдээж маш олон хүчин зүйлээс шалтгаалан үл хайхрах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна. Аав ээж нь шоронд орсон, эсвэл хаяад явсан, архины хамааралтай, бүтэн өнчин, эмээ өвөө дээрээ үлдсэн гээд янз бүрийн шалтгаантай хүүхдүүд байна. Тэр дотор сайн хүн болохоор хичээж байгаа хүүхдүүд ч бий. Саар зүйл хийгээд явж байгаа хүүхдүүд ч бий. Тэр бүхнийг төрийн болон хуулийн байгууллагуудтайгаа хамтраад аль болох зөв шийдэл гарц гаргалгааг гаргахаар ажиллаад л явдаг.
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр вэ. Боловсролын байгууллагад тухайн хүүхдүүд бүгд хамрагдаж чаддаг уу?
-Дархан-Уул аймгийн нэг онцлог нь сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 100 хувь. Хүртээмж сайтай. Төв дотроо улсын 24 цэцэрлэгтэй. Сургуулийн хамрагдалт 100 хувь. Завсардалт харин тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ нийт том зургаар нь аваад үзэхэд сургууль завсардалт манай аймгийн хувьд маш бага.

-Тэдгээр хүүхдүүдийн ирээдүй хэр гэрэл гэгээтэй харагдаж байна. Ирээдүйн эх орны зөв иргэн болох төлөвшил сууж байгаа юу?
-Тэр олон зүйлээс шалтгаална. Улс нийгэм яаж анхаарах юм. Яаж халамжлах вэ. Архины хамааралтай эцэг эхтэй яаж ажиллах вэ. Бид яаж байгаа зөв онож, ажиллах вэ гэдгээс шалтгаална шүү дээ. Тэр хүүхдэд хэрэггүй байхад нь гурил өгөөд яах юм бэ. Тийм биз дээ. Дэвтэр хэрэгтэй байгаа бол түүнийг нь л олж өгөх хэрэгтэй шүү дээ. Томчууд бид тэдгээр хүүхдүүдтэй яаж ажиллахаас шалтгаалж, тэр хүүхдүүд хэн болж төлөвших, яаж өсч хүмүүжих нь насанд хүрэгчдээс 100 хувь хамааралтай.
-Дархан-Уул аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгээс гадна хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрууд хэр элбэг вэ?
-Маш их байгаа. Манайх аймаг тусдаа Залуучууд хөгжлийн ордон, Хүүхэд хөгжлийн ордон, нийтийн номын сангууд бий. Залуучууд театр гэж бүхэл бүтэн тусдаа театр байна. Спорт ордон байна. Дахин шинээр музей, номын сангийн цогцолбор барьж байна. Секц дугуйлан ихтэй. Манай аймгийн хувьд тэр талаараа хүүхдүүд хөгжих, сурах боломж сайтай.
-“Зүрх бүхэн баярлаг аян” 15 жилийн хугацаанд явахад хүмүүсийн хандив оролцоо жил бүр нэмэгдэж байна уу?
-Жил бүр нэмэгддэг. Хүмүүс ойлгоод байна. Энэ жилийн тухайд бид шинээр ирсэн болон хүмүүсийн хандивласан хувцаснуудаа бүгдийг нь тарааж бараагүй. Бид аяныхаа хүрээнд 300 шинэ малгай, ороолт, 200 гаруй бээлий, 400 гаруй оймс гээд янз бүрийн хувцас авсан. Дээрээс нь аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш их хувцас өгсөн. Тиймээс энэ жил бид бүгдийг нь тарааж дуусаагүй л байна. Манайх жилд хоёр удаа Хүүхдийн баяр, шинэ жилээр биечилж очдог. Яагаад жилд хоёр яваад байна гэхээр гэр хорооллын багт шилжилт хөдөлгөөн их явагддаг. Гэрт амьдарч байгаад өөр тийшээ түрээсийн байранд орох, эсвэл ах дүүгийндээ очдог гэх мэтээр хөдөлгөөнүүд үүсдэг. Тэр хөдөлгөөн дунд хүүхдүүдээ хаягдчих вий дээ гэсэндээ жилд хоёр тойрдог.

-Тухайн хүүхдүүдээ ерөнхийд нь бүгдийг нь таньдаг болчихсон уу?
-Ер нь мэднэ. Гэхдээ жил бүр шинэ хүүхэд төрнө. Тэднийг бүгдийг нь танихгүй шүү дээ. Жишээ нь, 18, 9, 5 настай хүүхдүүд байлаа гэхэд 18 настай нь нас биед хүрч хүнтэй сууна. Эхнээсээ хүүхэдтэй болно. Тэгэхээр бидний мэдэхгүй дахиад нэг хүүхэд төрчихсөн байхад мэдэхгүй оччих тохиолдол гарна.
-Та бүхнийг яваад очиход хүүхдүүд таниад бөөн баяр болох уу?
-Мэдээж тэгнэ. Бэлгээ, хувцсаа, хичээлийн хэрэглэлээ аваад баярлана. Бид ч уулзаагүй хугацаандаа юу хийв ярилцана. Аргадна, загнана, магтана янз бүр л болно. Олон талаар л хүүхдүүдээ зөв хүн болгочих гээд үзэж л байна.
-Энэ бүхнийг яагаад хийх болсон тухайгаа товчхон ярьж болох уу?
-Залууст, хүмүүст, нийгэмд хэлмээр байгаа зүйл нь архидалт маш их байна. Архины хамааралтай хүмүүс их болж байна. Залуужиж байна. Сайхан сайхан эрүүл саруул гоё залуус архи их ууж байна. Бид янз бүрийн л айлаар орно. Тэргэнцэртэй хүн ажил хийгээд гэр бүлээ авч явж болоод байхад эрүүл саруул сайхан залуус архи уугаад согтуу хүүхдүүдээ хайхрахгүй хаядаг. Үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүдээ маш ихээр өртүүлж байна. Тэгэхээр төр засгийн бодлогоороо архидалттай зөв байгаа олоод тэмцээсэй. Иргэдээ соён гэгээрүүлээсэй, зөв суртал ухуулгыг нийгэмд түгээгээсэй гэж бодож явдаг даа.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм




