Dark Light
Нийгэм | 2026-09-12

НОГООН БАЙГУУЛАМЖ ГОЁЛ БИШ, ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД БҮТЭЦ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  хотын хөгжлийн бодлогоо танилцууллаа.  Амьдрах орчны чанар, хүүхдэд ээлтэй хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийн тоо, нягтаршлыг нэмэгдүүлэхээс илүүтэй иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарна.  Хотын дарга Б.Пүрэвдагва “Барилга бүр хөгжил биш. Бид амьдрах орчинтой хотыг байгуулна” хэмээн онцолж, нягтарсан бүсэд барилга байгууламжаас илүү ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай шаардлагатай байгааг онцлов.  Мөн нийтийн эзэмшлийн болон иргэдийн зорчих орон зайг хамгаалах хүрээнд зуслангийн бүсийн орц, гарцтай холбоотой 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. “Нийтийн газар бол хэн нэгний хашаа биш” хэмээн байр сууриа илэрхийлж, нийтийн эзэмшлийн талбайг хамгаалах, иргэдийн зорчих эрхийг хангах нь хотын бодлогын нэг чухал чиглэл болохыг онцоллоо.

Нягтарсан бүсэд барилгын зөвшөөрөл олгохгүй, ногоон байгууламж нэмнэ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хүртээмж өнөөдрийн байдлаар стандартаас 60 хувиар бага байгаа бөгөөд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 метр квадрат байна. Цаашид энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд нийт 273 байршилд 181.6 га талбайд ногоон байгууламж, 246.6 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. 2026 онд Жуковын хөшөөний орчимд 0.6 га талбайд, Ногоон нуур орчимд 5.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах,  хотын ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлж эхлээд байна.  Хотын дарга Б.Пүрэвдагва “Ногоон байгууламж бол гоёл чимэглэл биш, иргэдийн эрүүл мэндийн дэд бүтэц” гэдгийг тодотголоо.  

Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хүн бүрд ээлтэй хот болж чадна

Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжил, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэх , хүүхдэд ээлтэй хот – хүн бүрд ээлтэй хот бодлогоо Хотын дарга  танилцууллаа. Энэ хүрээнд “Хүүхдийн ордон-2” шинжлэх ухаан, технологийн ордныг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 1,844 метр квадрат талбайд, 16-аас дээш төрлийн дугуйлан, дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Тус төвөөр 5,300 сурагч дугуйлангийн үйлчилгээнд хамрагдаж, олон талт арга хэмжээнд нийт 18,000 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм. Мөн хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудыг хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр хөгжүүлэх шийдвэр гаргаж, холбогдох ажлуудыг  эхлүүлжээ.

Хүүхэд, залуучуудын хөгжил, ур чадварыг дэмжих зорилгоор дүүрэг бүрд хөгжлийн төв байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан бөгөөд 2026-2027 онд дүүрэг бүрд хөгжлийн төв байгуулна гэлээ. Хүүхдийг жилийн дөрвөн улиралд хөгжүүлэх боломжтой төвүүдийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулах санал авч байгаа бөгөөд нэг төв нь 1,000 хүртэлх хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.  

Хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль

Хүүхдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Сургууль хүрэх зам” төслийн хүрээнд 21 сургуульд 8736 хүүхдийг хамруулаад байна. Гэрээс сургууль хүртэлх аюулгүй замыг бий болгох, явган зорчигчдод алхахад тохиромжтой, стандартын шаардлага хангасан явган зам байгуулах, зөв зохицуулалттай гэрлэн дохио, гарцын  зохион байгуулалтыг сайжруулах,  стандартад нийцсэн автомашины хурд сааруулагч суурилуулах,  камержуулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын гол зорилго нь зөвхөн барилга байгууламжийг нэмэгдүүлэх бус, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хүүхдийн хөгжил, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн орон зайг хамгаалсан амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Хүүхдэд ээлтэй хот бол хүн бүрд ээлтэй хот гэсэн зарчмыг хотын хөгжлийн бодлогын нэгэн чухал чиглэл болгон хэрэгжүүлж байгаагаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19