Хүний их эмч, Орчны эрүүл мэнд судлаач Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Л.Дэлгэрзултай ярилцлаа.
-Өнөөдөр тархсан үнэрийн талаар мэргэжлийн байгууллагуудаас хариулт өгөх газар алга. Юунаас болж гарсан үнэр юм бол?
-Угаасаа энэ талаар ямар ч байгууллага хариу өгч чадахгүй. Яагаад гэвэл судлан шинжлэх багаж байхгүй. Өнгөрсөн оны аравдугаар сард мөн учир битүүлэг үнэр гарсан. Гэр хорооллын бүс нутагт бага үнэртээд, хотын төв рүүгээ илүү үнэртээд байна гэж би ойлгосон. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг харахад орчны дотор байшинд, оффист илүү үнэртэж байна гэсэн байна лээ. Тэгэхээр үүнээс үндэслээд би бохирын шугамнаас гарсан гэж үзэж байгаа. Бохирын шугам руу юу хийснийг Ус сувгийн удирдах газар ч юмуу тогтоох ёстой. Хамгийн гол нь энэ нь дэгдээд үнэрт түвшинд очиж байна гэдэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Яагаад гэвэл ямар ч үнэргүй байх үедээ агаар цэвэр, хүний эрүүл мэндэд сөрөг биш гэж үздэг. Ямар нэгэн үнэртэх түвшинд очиж байна гэдэг нь хүний эрүүл мэндэд маш их сөргөөр нөлөөлөх түвшинд очиж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
-Ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Ямар сөрөг нөлөөтэйг бид мэдэхгүй. Яагаад гэвэл багажаар хэмжээгүй учраас. Юу гэдгийг нь мэдэж байж ямар сөрөг нөлөөтэйг илрүүлнэ. Жишээ нь, дэгдэмхий хий нь амьсгалын дээд замд нөлөөлдөг. Тоосонцрууд зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Юу гэдгээсээ хамаараад эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллүүд хоорондоо ялгаатай. Тэгэхээр энэ бодис нь юу вэ гэдгийг бид хэлж чадахгүй байгаа учраас шууд эрүүл мэндэд тийм нөлөөтэй гэж хэлэх хэцүү.
-Тэгэхээр энэ төрлийн үнэр тархсан тохиолдолд манайд түүнийг хэмжиж судлах багаж огт байхгүй гэж үзэх үү?
-Би өөрөө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тэгэхээр би байхгүй гэж бодож байгаа. Аравдугаар сард би ийм төрлийн судалгаа шинжилгээ хийдэг багажнуудыг судалж, үнэ ханшийг нь үзэж байсан. 90-100 мянган ам.долларын үнэтэй багажийг л манай улс худалдаж авч чадахгүй байна. Чадахгүй ч гэж мэдэхгүй байна. Ийм үед яах ёстойг, ямар багажаар хэмжиж судлах ёстойг таниулъя гэхээр мэддэггүй. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо долоон үндсэн сайд, дөрвөн дэд сайд, дээрээс нь ажлын албадууд байнгын хороодын ажлын албадууд гэсэн том бүтэцтэй хороо. Тэрхүү хорооны гишүүний хувьд судлаад, 2024 оны төсөвт тусгасан. Гэтэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгачихсан.
-Тэгэхээр багаж авахаар судласан бүх зүйлүүдийг цугт нь татчихсан уу?
-Үндэсний хорооны төсвийг гишүүд нь гараа өргөж баталдаг. Үндэсний хороо 21 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээрээ батлуулна гэсэн маш итгэлтэй байсан. Гэтэл манай хороог татан буулгачихсан. Тэгэхээр ийм төрлийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн орчны бохирдлын асуудал яригдаж байхад Үндэсний хороо нь байхгүй болчихоор байгууллагын бүтэцгүй болчихож байна гэсэн үг. Шууд утгаараа хариуцах эзэнгүй болчихсон. Үндэсний хороо маш ач холбогдолтой. Агаарын тухай хуулийн 6.2-т зааснаар Орчны бохирдлын үндэсний хороо заавал байх ёстой гэж заасан байдаг. Яагаад гэвэл энд үндэсний аюулгүй байдлын хэмжээний зүйл яригдаж байгаа юм.
-Дотор орчны агаарын чанарын стандарт гэж Монголд байдаггүй гэсэн. Үнэн үү?
-MNS4585:2007 гэж стандарт байсан. Тэр үед Стандарт хэмжил зүйн газрын шугамаар Эрүүл мэндийн техникийн хороо энэхүү стандартыг баталдаг байлаа. 2011 онд Агаарын тухай хууль гэж баталсан. Тэр хуульд стандартыг Байгал орчны техникийн хороогоор батална гэж заасан. 2016 онд стандартыг дахин шинэчлэн баталсан. Тэр стандартад гадаад, дотоод гэж ялгахаа больчихсон. Нөгөө хавдар үүсгэгч бензол, тулуол, формальдегид, ксислол зэрэг бодисуудын стандартыг байхгүй болгочихсон. Одоо бол манайд Дотоод орчны агаарын чанарын стандарт гэсэн тусдаа ойлголт байхгүй.
-Өнгөрсөн намар нэг хэсэг үл мэдэгдэх үнэр тархаад усны хоолой руу химийн хаягдал хаяснаас болсон гэх мэтээр өнгөрөөсөн. Цаашид энэ мэтээр үнэр гараад байвал яах вэ?
-Бохирын хоолой руу хийж байгаа зүйлээ л хянах ёстой. Үнэр гараад байгаа газрууд бохирын хоолойгоо сайн шалгах ёстой. Түүгээр нь дамжиж байна гэсэн үг.
-Нэгэнт л үнэр гараад байгаа нь үнэн. Хэмжин судлах багаж нь алга. Ийм үед хүмүүс хэрхэн эрүүл мэнддээ анхаарах ёстой вэ?
-Ямар ч боломжгүй. Дэгдэмхий органик нэгдэл тархчихсан үед хүн маск зүүгээд ч ямар ч нэмэргүй. Ганцхан мэргэжлийн хорт утааны маск, баг зүүх эсвэл цахилгаан багажууд гарсан байна лээ. Маск шиг хэлбэртэй хэрнээ цахилгаанаар ажиллаад шүүдэг технологитой. Түүнээс өөр ямар ч ерөндөг байхгүй. Ийм үед анагаах ухаанд хэрэглэх ерөндөг байхгүй гэж мэргэжлийн хүмүүс бичсэн байна лээ. Бусад хордлогын үед сүү уугаад тайлна гэх мэт зүйл байдаг. Хэрэв энэ үнэрээс болоод хоолой загатнах, боох үед эмчид үзүүлээд эм авна. Зүрх судас өвдвөл зүрх судасны эмчид үзүүлнэ. Түүнээс өөрөөр ерөндөг гэж байхгүй. Өдөр тутмын тоосонцрын бохирдлын үед бид маск зүүгээд хамгаалж болдог. Өнөөдрийнх шиг нөхцөлд маск хамгаалахгүй.
-Нэг хувийн лаборатори байдаг гэсэн. Тэр нь маш үнэтэй гээд байгаа?
-740 мянгаар шинжилдэг лаборатори байдаг. Би өөрийнхөө хүүхдийн сургуулийн дотор орчны агаарын чанарыг шинжлүүлж байсан.
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасан юм бол одоо иймэрхүү байдал үүссэн үед ямар байгууллага хариуцах ёстой вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг 2024 оны нэгдүгээ сарын 12-нд батлуулсан. Нийтийг хамарсан гамшгийн тохиолдол гарвал тохиолдлын удирдлагаар Нийгмийн эрүүл мэндийн байгууллага хариуцна гэж тус хуульд тусгасан. Тэхдээ энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол эзэн байхгүй. Ер нь хариуцах эзэнгүй байна. Улсын онцгой комисс хариуцсан хүн нь хөдөө орон нутагт зудын эрсдэлт бүст ажиллаж байна гэсэн. Нийт хүн амынх нь 50 хувь нь амьдардаг хотод нь утааны гамшиг үүсчихээд байхад үүнийг хариуцах ёстой хүн хаячихаад хөдөө явж болохгүй шүү дээ. Ядаж УОК нь хариуцах ёстой. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах эрх зүйн ямар ч орчин одоо байхгүй. Тиймээс би хүүхдийнхээ сургуулийн дотоод орчны бохирдлыг шинжлүүлэхийн тулд 780 мянган төгрөгийг нь хувиасаа төлөөд шинжилгээ хийлгэж байгаа юм.
-Тэр шинжилгээнд хэчнээн төрлийн хэдэн шилжилгээ хийдэг юм бол?
-Манайд дөрвөн төрлийн л бодис шинжилдэг. Хавдар төрүүлэгч, бензол, промоденгол, формальдегидийг шинжилдэг юм билээ.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




