Dark Light
Нийгэм | 2024-01-30

Хугацаа алдчихсан нөхцөлд эхлээд хүний амь яригдах байсан гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аврах ажиллагааны аюулгүй байдлын талаар Аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугараас тодрууллаа.

-Монголын түүхэнд болж байгаагүй том хэмжээний дэлбэрэлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Аврах ажиллагаа явуулж байсан гурван албан хаагч амь насаа алдсан. Аврах ажиллагаанд аюулгүй байдлын ямар дүрэм алдагдав?

-Аюулгүй байдал гэдэг ердөө техникийн аюулгүй байдал төдий зүйл биш. Аюулгүй байдлыг аюулгүй ажиллагааны заавар төдий ойлгоод байна. Томоохон үйлдвэрээс өгсүүлээд нийгмийн хүрээнд ингэж жижигхэн ойлгодог. Аюулгүй байдлын шинжлэх ухаан хөгжөөд өдгөө Үндэсний батлан хамгаалахын сургууль дээр эрдэмтэн, докторуудаа бэлдээд 20 шахам жил болсон. Тийм учраас аюулгүй байдлыг маш том зургаар харах ёстой юм. Оршин тогтнохуйн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал гэх мэт аюулгүй байдлын асар олон элементүүд бий. 

-Аюулгүй байдлын том хүрээнд харж, судалдаг хүний хувьд газнаас үүдсэн осолд ажиглалт, дүгнэлт өгсөн байх… 

-Тухайн осолд эмзэглэж байсан хүний нэг бол би. Тухайн үйл явдлыг сошиалаар хоёр нүдээрээ харсан. Хамгийн түрүүнд тэр хэмжээний ёмкост тэсрэхэд хэр хэмжээний орон зайд аюул учруулж болох вэ гэдэг тооцооллыг урьдчилан гаргасан байх ёстой. Жижиг савлагаатай газаас өгсүүлээд 5, 25 кг-ын баллонтой газууд хэр хэмжээний тэсрэлт үүсгэх чадалтай вэ гэдгийг радиусаар тогтоосон байх хэрэгтэй. Арга хэмжээ авах гэж буй бүх хүмүүс мэдлэгтэй очсон бол энэ хэмжээний газ дэлбэрэхэд тийм хэмжээний тэсрэлт болно. Тиймээс ийм радиусын гадна талд бид байх ёстой гэх мэдээлэлтэй байх ёстой байсан. Нэгэнт цаг хугацаа алдчихсан энэ нөхцөлд эхлээд хүний амь яригдах байсан. Тэр талын мэдлэг мэдээлэл хомс байснаас боллоо. 

100-гийн поошик гагнаж байгаад тэсрэхэд нисээд явчихдаг, ийм тэсрэлтээс нас барсан хүн их байдаг шүү дээ. Тэгэхээр том ёмкост дэлбэрч байхад ямар хэмжээний тийрэлт үүсэх вэ гэдгийг бодох ёстой. Тухайн үеийн нөхцөлд 50 метрийн радиуст маш аюултай, 75 метрийн радиуст аюултай, 100 метрийн радиуст эрсдэл багатай ч гэдэг юмуу тооцооллыг эхлээд хийх байсан.  

Хоёрдугаарт, жолооч айж, сандарсан байж болно. Дэлбэрэлтээс гарч зугтаасан. Шүргэсэн зүйл нь юу байв. Кран төдий зүйл байв уу, холбох хоолой байв уу. Ёмкостын гадна талыг хамгаалах хэрэгсэл яагаад хийж болоогүй юм бэ. Эхлээд бага хэмжээгээр газ алдагдсан. Газар дээр нь тэр газыг зогсоох технологи өнөө хүртэл байгаагүй гэж үү. Гацаадаг, царцаадаг, боож багладаг тийм арга хэмжээг жолооч авч чадаагүй. Тэр талын зааварчилгаа байгаагүй гэж ойлгогдож байна. 

Машины яндангаас өгсүүлээд юунаас ч жижиг хэмжээний оч үсрээд гал гарч болно. Цаг хугацааны асуудал. Дэлбэрэлтээс хамгаалах боломж бас байсан. Цагдаа нар холдуулах гэж оролдсон, галын машин, тухайн жолооч дуут дохиогоор сануулга өгч, орчин тойрноо мэдээллээр хангах боломжтой байсан. Дэлбэрэлтэд өртөх боломжтой бүсээс хүмүүсийг холдуулж ажиллах ёстой байлаа. Хамтын ажиллагааны хувьд байлдааны ажиллагаа шиг бүхий л байгаа нөөц бололцоогоо ашиглаж, аюулгүй байдлыг хангах ёстой байв. Энэ бол гашуун бөгөөд аймшигтай сургамж.

Аюулгүй байдлын асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд анхаарах хэрэгтэй байна. Аюулгүй байдлын олон эрдэмтэн, докторууд, миний багш нар энэ агуу хүмүүсээр аюулгүй байдлыг шинжлэх ухаанч талаас нь удирдах түвшний хүмүүст суулгах хэрэгтэй байна.

Монголд аюулгүй байдлын шинжлэх ухаан хөгжиж байгаа ч түүнийг дэлгэрүүлэх ажил дутмаг байна. 

Үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдал ямар ямар зүйлчлэлээрээ алдагдаж байгаа юм бэ, урьдчилан сэргийлэх ямар ажлууд байдаг вэ гэдэг дээр стратегийн түвшинд анхаарах хэрэгтэй. 

Стратеги сэтгэлгээтэй удирдагчид, төрийн албан хаагчдыг бэлдэх, өөрийнхөө аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай мэргэжилтнүүдийг бэлдэх шаардлагатай байна.

Б.АМАРТҮВШИН

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19