Эрх зүйч, судлаач, зөвлөх /Хууль зүйн магистр L.L.M/ Б.Жавзанхандтай ярилцлаа. "Жи Би Эм сошиал ресерч консалтинг" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд газ алдсанаас үүдэн гарсан галын аюулд өртсөн иргэд, бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа юм. Түүнтэй энэхүү сэдвийн хүрээнд ярилцсанаа хүргэж байна.
-Та 2015 оноос хойш эрсдэлийн үнэлгээний компани байгуулаад ажиллаж эхэлсэн. Өдийг хүртэлх энэ хугацаанд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж, ахиц дэвшил гарсан зүйл бий юу?
-Би 2019 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ямар нэгэн эрсдэлийн үнэлгээний ойлголт өнөөдөр монголчуудад байхгүй” гэсэн ярилцлагыг өгч байсан. 2015 онд “Жи Би Эм сошиал ресерч консалтинг" ХХК-ийг хэдэн нөхдийнхөө хамтаар эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор байгуулсан. Эрсдэлийн үнэлгээг хийснээр ард иргэдэд болоод улс оронд учирсан ямар нэгэн аюулын зэргийг багасгах, нөхцөл байдлыг урьдчилан тооцоолдог. Энэхүү саналаа маш олон албан байгууллага, хувь хүн, төрийн байгууллагуудад тавьсан. Хувийн бизнесийн байгууллага болоод уул уурхай гээд бүхий л салбарынханд тавьсан. Өнөөдрийг болтол эрсдэлээ тооцож, эрсдэлийн үнэлгээгээ хийлгэсэн байгууллага, албан тушаалтан, тэр дундаа төрийн нэг ч байгууллага байхгүй. Энэ нь саяхан гарсан ослоор харагдлаа.
-Тухайн осол батлагдсан замаар, зөвшөөрөлтэй цагтаа явж байх үед гарсан. Энэхүү замын маршрутыг гаргасан газар, зөвшөөрөл олгосон хүмүүс эрсдэлээ тооцоолж чадсан болов уу?
-Сошиал болоод телевизийн мэдээ мэдээлэл, хувь хүмүүсээс гарч байгаа маш олон мэдээллүүд байна. Дашваанжил ХХК-ний удирдлагууд ч өөрсдөө мэдээлэл хийсэн. Батлагдсан замаар, тогтоосон хугацаанд тухайн газ тээвэрлэж явсан машин өнгөрсөн. Гэтэл тэр орчинд эргэн тойронд нь айл өрх, орон сууц, сургууль цэцэрлэг байна. Энэ нь ямар нэгэн байдлаар аюултай ачаа тээвэрлэж явах үед эрсдэлийг тооцох ёстой. Жишээ нь, хэн тэр маршрутыг тогтоов, хэн батлав. Тэр этгээдүүд энэ эрсдэлийг зайлшгүй тооцох ёстой. Тэрхүү бизнесийг хийж байгаа компанийн удирдлагууд зохистой үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ямарваа нэгэн байдлаар риск менежмэнт буюу эрсдэлийн үнэлгээ тооцох хэрэгтэй. Эцэст нь тогтоосон хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ бүх нөхцөл байдлыг тогтоож байж буруутай этгээдийг олж тогтооно.
-Нэгэнт эрсдэл үүсчихлээ. Осол болчихсон. Одоо авах арга хэмжээ юу байна вэ?
-Тухайн үед эд материалаараа хохирсон хүмүүст тодорхой хэмжээний тусламж үзүүлж байна. Гэтэл бид материаллаг нөхцөл байдлуудыг л тооцоод байдаг. Санни таун хотхоны оршин суугчдын хүсэлтээр сэтгэл зүйн зөвлөгөөг манай байгууллага өгч байгаа. Хүмүүсийн сэтгэл зүйд учирсан хохирол маш их байна. Наад зах нь тэдгээр хүмүүс хордлогод орчихсон. Хордлогод орчихсон иргэдийн эрүүл ахуйд анхаарлаа хандуулж байна уу. Тэр хүмүүс 7 хоног гүйлгэж байна, толгой эргэж байна, дотор муухай оргиж байна гэсэн. Эдгээрт нь анхан шатны тусламж үзүүлсэн үү. Тухайн иргэн өөрөө л эмнэлгийн байгууллагад очихгүй бол үүн дээр нь ямар нэгэн мэдээлэл алга. Хохирсон 4-5 гэр бүлд та хордлогод орчихсон байна, та хордлогын эмчилгээ хийлгээрэй, ямар нэгэн байдлаар өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг тайван байлгаарай гэх мэтээр зөвлөгөө өгсөн. Жишээ нь, шүдэнз зурж чадахгүй, лаа асааж чадахгүй байдалд хүрсэн хүн ч байна. Тэр галын аюулаас гарсан ч яаж амьд гарснаа ярьж чадахгүй чичрээд салганаад байгаа юм. Үүнээс болоод бага насны хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар гэмтэх, сэтгэцэд үлдэх аюултай. Түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дутуу авсан юм байна гэдэг нь харагдсан.
-Цаашид энэхүү байдал давтан гарахгүй гэх баталгаа алга. Тэгэхээр цаашдаа авах арга хэмжээ юу байх вэ. Эрсдэлийг хэрхэн тооцох ёстой юм бол?
-Улаанбаатар хотын төвд шахуу маш олон орон сууцны хорооллуудын дунд энэ осол гарлаа. Гэтэл ийм осол удаа дараа гарч байсан. Цагаан давааны авто осол байна. Бензин асгарснаас болоод гарсан осолд олон иргэд хохирч, ямар өвчин зовлонг мэдэрч байгаа билээ. Түүнд төр ямар анхаарал тавьсан юм. Тэр аюултай замаар тухайн жолооч аюултай тээвэр хийхэд эрсдэлгүй явах нөхцлийг нь хэн хангах ёстой юм. Бид хангах ёстой. Үүн дээр хүн болгоны өөрийнх нь үүрэг оролцоо байх ёстой. Цагаан давааны ослыг гаргасан жолооч шоконд ороод дуу нь гарч чадахгүй явахад машинууд зөрөөд л давхиад байгаа юм. Монгол хүний хэнэггүй зан л гэж хэлнэ. Жишээ нь, газ тээвэрлэж явсан жолоочийг маш их хүн буруутгаж байна лээ. Тухайн хүн аюулын шоконд орчихсон. Шоконд орчихсон байгаа нөхцөлд тэр хүн өөрийнхөө чадах хэмжээний л арга хэмжээг авсан. Машинаа газар дээр нь зогсоогоод унтраасан. Тусламж дуудсан. Үүн дээр онцгой нөхцөл байдалд ард иргэдээ хамгаалах ёстой үүрэг бүхий хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. Эрсдэлээ тооцох хэрэгтэй. Газ алдагдаж байгаа үед ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүн шүдэнз зурах юмуу, тамхи татах ёсгүй. Нэг иргэний бичлэг байсан. Тамхи зуучихаад бичлэг хийж байгаа юм. Тэр хүнд өөр дээр нь галын аюул ирвэл яах вэ.
-Энэхүү осол гараад долоо хоночихлоо. Танай байгууллагад энэ байдлаас улбаалаад эрсдэлийн үнэлгээ хийлгэе гэж хандаж байгаа зүйлүүд байна уу. Үүнээс ер нь юуг сургамжилж авах ёстой вэ?
-Үүний сургамж ерөөсөө л хариуцлагын асуудал. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал. Иргэдийн ухамсар би хаана, ямар ч нөхцөлд, аюултай байдалд байгаа. Стандартгүй хотод биднийг амьдруулж байна гэж төрийг бид буруутгаж байна. Гэхдээ бид өөрсдөө үүн дээр шаардлагаа тавих хэрэгтэй. Шаардлагаа хуулийн хүрээнд, зүй зохистой, ойлгомжтой тавих хэрэгтэй. Өнөөдөр би ганцаараа эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж байхгүй. Мэргэжлийн баг, шинжээчдийн баг үүнийг хийнэ. Бид маш олон байгууллага, албан тушаалтан, хувь хүмүүст санал тавьсан, албан тоот өгсөн, хүсэлтүүд гаргасан. Өнөөдрийг хүртэл үүнийг хүлээж авсан компани харамсалтай нь байхгүй. Таван компани дээр бид эрсдэлийн үнэлгээ хийгээд, монгол шинжээчдээ бэлтгэж авах нь бидний үйл ажиллагааны хамгийн гол зорилго байсан. Гэхдээ энэ ажил минь өнөөдрийг хүртэл амжилтад хүрээгүй л байна.
-Эрсдэл үүсч болзошгүй нэг жишээ дурдаж болох уу?
-Жишээлэхийн бол нисэхийн компани байна. Бодит жишээн дээр л яръя. Саяхан МИАТ-ийн үйлчлүүлэгчдээ өгч байгаа хоол маш муу байна гэж яригдсан. Эрсдэлийг яагаад тооцож байгаа вэ гэхээр иргэдийн эрүүл аюулгүй байлгах бүхий л боломжийг хангах ёстой. Төр Монгол Улсын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Тэр нь өөрөө Үндсэн хуулиар тогтоогдсон. Тэгэхээр МИАТ компани хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах үүрэгтэй. Тухайлбал, шинэ онгоцны буудал байна. Онгоцны буудалд онгоц буухад налуугаа яаж тооцсон юм, манантай үед яах вэ, шуургатай үед яах вэ, бороо мөндрийн үед яах вэ, нисгэгчдийн аюулгүй байдлыг яаж хангасан юм. Эргээд нисгэгчид нь зорчигчдын аюулгүй байдлыг яаж хангах юм. Гадаад, дотоод хүчин зүйлээ тооцсон уу. Бид эрсдэл гэхээр дотоод аудит ярьдаг. Дотоод аудит нь гэтэл зөвхөн санхүүгийн эрсдэлээ л яриад байдаг. Бусад эрсдэлт зүйлээ тооцдоггүй. Тэгэхээр бусад нөхцөл байдлуудыг, эрсдэлт нөхцлүүдийг ойлгомжтой, тодорхой томъёолж байж бид дараа дараагийн эрсдэлд суурилсан арга хэмжээнүүдээ зүй зохистой авна.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




