Dark Light
Нийгэм | 2024-07-02

С.Нарангэрэл: Сонгуулийн тогтолцоонд Үндсэн хуулиар оруулсан нэмэлтийн сөрөг тал илэрч эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙН БИЧМЭЛ САНАЛ

2023.04.24

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэдээс санал авах чухал арга хэмжээ улс орон даяар явагдаж байгаа цаг үед Монгол Улсын иргэний хувьд ч, хуульч эрдэмтэн судлаачийн хувьд ч хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хүлцэнгүй хандах нь аль ч талаасаа дэндүү “хүнийссэн” зүй зохисгүй явдал болох байх гэж бодсоны үндсэн дээр энэхүү саналыг бэлтгэн боловсруулснаа толилуулж байна. Болгоон соёрхоцгооно уу? Алдаа ташаарал гаргасан байж болзох учир юуны түрүүнд хичээнгүйлэн хүлцэл өчье.

Нэг. Монгол Улсын Үндсэн хуульд оруулахаар санал авч буй өөрчлөлтийн төсөлд ард түмнийг төлөөлөх УИХ-ын чадавх, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор сонгуулийн холимог тогтолцоог буй болгож, УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгохоор тусгасныг Үндсэн хуульд хуульчлах эсэхийг магадлан шийдвэрлэхдээ дараах асуудалд нэн нухацтай, ул суурьтай хандах шаардлагатай болохыг онцлон тэмдэглэж байна:

1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан сонгуулийн шууд сонгох эрх гэсэн нь тодорхой нэр дэвшигч буюу нэр дэвшигчдийн жагсаалтын аль алины төлөө сонгогч саналаа гаргахыг тусган илэрхийлсэн үндсэн хуулийн эрх зүйн нэр томьёо юм. Энэ учраас сонгуулийн холимог тогтолцоог органик хууль буюу сонгуулийн хуулиар тогтоох боломж бүрэн нээлттэй байгааг онцлон анхаарвал зохилтой. Манай улсад УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байсан туршлага бэлхнээ бий.

1.2. УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахинаар олшруулах (152 болгох)-ыг шийдвэрлэхдээ дараах асуудалд нэн туйлын нухацтай хандах шаардлагатай:

1.2.1 Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүд улс төрийн намынхаа (намын удирдлагынхаа) эрх ашигт хэт явцуурах өндөр магадлалтай болно. Энэ учраас сонгуулийн олонхыг төлөөлсөн тогтолцоогоор сонгогдох УИХ-ын гишүүдийн тоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тооноос илүү байх нь зүй зохистой байж болохыг онцгой анхаарах;

1.2.2 Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны нэгэн сөрөг үр дагавар нь олонхыг буй болгохгүйгээр сонгогчдын санал хэсэг бусаг олон нам, эвсэлд янз бүрийн тунгаар хуваагдах нөхцөл бүрдэж, улмаар УИХ-аас Ерөнхий сайдыг томилох үйл явцад харийн хөндлөнгийн элдэв нөлөөлөл, дотоодын хор найруулга, ашиг завшаан хайсан бүлэглэлийн явуулга, үймээн самуун, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэж, Засгийн газрын гишүүний суудлын төлөө “хуйвалдаан”, “нанчилдаан”, “элдэв амлалт” газар авах, хэрэв Ерөнхий сайдыг томилох тохиролцоонд хүрч чадахааргүй нөхцөл байдал үүсвэл улмаар УИХ тарах, дахин сонгууль хийх магадлал их өндөр болно. Эсхүл яаж ийгээд томилсон ч цаашдаа Ерөнхий сайдын албан тушаалд улайран санаархсан элдэв янзын олон бүлэглэл Ерөнхий сайдаар өөрийн намын гишүүнийг томилуулах, хэрэв үгэнд нь “дуулгавартай” орохгүй бол  улмаар өөрийг нь огцруулснаар Засгийн газар хэврэг болох, тогтворгүй ажиллах нөхцөл байдал үүсэж болзошгүй болохыг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн төрийн жинхэнэ алба хаагчдыг эх орон, ард түмний эрх ашгийн төлөө тогтвор суурьшилтай хүчин зүтгүүлэх байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм;

1.2.3 УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахинаар нэмэгдүүлснээр улсын төсөвт хэр зэрэг их дарамт үүсгэхийг урьдчилан сайтар магадалсан тооцоо судалгаа нарийвчлан хийгдсэн байх учиртай;

1.2.4 Дөрөвхөн жилийн хугацаанд олдсон түр зуурын эрх мэдлийг шунахай зорилгод ашиглах “хоноц”-ын сэтгэхүй бүхий “гишүүний” тоог улам бүр олшруулах “сиймхий” болж болзошгүй гэдгийг онцлон анхаарч сэрэмжилбэл зохилтой;

1.2.5 Нэр томьёоны хувьд төсөлд бичсэн байгаа “мажоритар” гэснийг “сонгуулийн олонхыг төлөөлсөн тогтолцоо” гэж, “пропорциональ” гэснийг “сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо” гэж, сонгуулийн энэ хоёр тогтолцооны аль алиныг оруулсныг “сонгуулийн холимог тогтолцоо” гэж төрөлх хэлнээ оноож хэвшүүлэх явдал Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасантай бүрэн дүүрэн нийцэх болно.

САНАЛАА БОЛОВСРУУЛСАН: АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10