Фото зургийг | Гар утсаар авсан зураг. REUTERS/Vladimir Soldatkin
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр Монголын талын албаны хүн манай улсын шатахууны зах зээлд үүсээд буй нөхцөл байдлын талаар Reuters агентлагт анх удаа ам нээжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун хэлэхдээ: “Орост үүсээд буй асуудлыг бид мэдэж байгаа. Гэвч үүнээс шалтгаалж Монголд шатахууны үнэ нэмэгдэж байна” хэмээн онцолсон байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн хавар 1 орчим ам.доллар байсан шатахууны литр тутмын үнэ өнөөдрийн байдлаар 1.5-аас 2 ам.долларт хүрч өсжээ.
Үнийн өсөлт ба хомсдолын цаадах шалтгаан юу вэ?
Олон улсын хэвлэлүүдийн тэмдэглэж буйгаар, Монголын шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэж, борлуулалтад хязгаарлалт хийхэд хүрсэн нь хөрш орны дотоод нөхцөл байдалтай шууд холбоотой. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны халдлагад өртсөн болон тус улсын дотоодын улирлын чанартай өндөр хэрэглээ зэргээс шалтгаалан Орост шатахууны хомсдол үүсээд байгаа юм.
ОХУ-аас гаргасан шатахуун экспортлох хоригт Монгол Улс шиг Засгийн газар хоорондын гэрээтэй орнууд хамрагдаагүй ч нийлүүлэлтийн хэмжээ хэлбэлзэж байна. Тухайлбал, энэ оны 6 дугаар сард Оросоос Монголд 186,400 тонн автобензин нийлүүлж байсан бол 7 дугаар сард энэ хэмжээ 173,000 тонн болж буурчээ.
Ургац арвин тул Оросоос авах буудайн хэмжээг бууруулна
Түүнчлэн Цэндгомбын Болорчулуун дарга Монгол Улс энэ жил дотооддоо арвин ургац хурааж авахаар хүлээж байгаа тул ОХУ-аат импортлох үр тарианы хэмжээг бууруулах боломжтойг дурджээ. Манай улс өнгөрсөн жил хойд хөршөөс 100,000 орчим тонн улаан буудай худалдан авч байсан юм.
Энэхүү ярилцлага болохоос өмнөхөн буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай уулзаж, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тэмдэглээд байсан билээ.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



