Dark Light
Нийгэм | 2025-05-19

НОГООН БОНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг олон улсын сайн жишигт нийцүүлэн боловсруулжээ

“Хөгжил ба шинэчлэл” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт (2025.05.16) зохион байгууллаа.

Монгол Улсын хөгжлийн стратегийг дэмжих, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, олон улсын хөгжлийн банкны жишигт нийцсэн үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх зорилгоор бодлогын цогц шинэчлэлээ эхлүүлээд байгааг тус банкныхан энэ үеэр танилцуулав.

Эл форумыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нээсэн юм.

Тэрбээр “Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд банкны санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулан ажилласнаар ахиц дэвшлүүд гарч эхэлсэн. Хөгжлийн банкны санхүүгийн чадавхыг сайжруулснаар л үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй. Иймээс Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг олон улсын сайн жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, олон нийтийн саналыг тусган, УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Хуулийг баталснаар Хөгжлийн банк эдийн засгийн хөгжлийг дэмжсэн суурь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх шийдвэрийг бие даан гаргадаг болно” гэсэн юм.

Дээрх шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд Хөгжлийн банкны үйл ажиллагааг олон улсын сайн туршлага, стандарттай нийцүүлэх, нээлттэй, хараат бус байдал, үүрэг хариуцлага зэргийн талаар тусгажээ.

Тодруулбал, төслийн санхүүжилтийг эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчин, бүс нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө, өгөөжөөр нь үнэлэх, улсын төсвөөс бие даан санхүүжих боломжтой төслүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлэхгүй байх, шууд, хамтын, дамжуулан, синдикат хэлбэрийн санхүүжилт олгох зэргийг тусгасан аж.

Ногоон бонд гаргах хэлэлцээ хийж эхэлжээ

“Хөгжил ба шинэчлэл” форумын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Хөгжлийн банк: Монгол Улсын хөгжил ба шинэчлэл” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Тэрбээр “Монгол Улсын Хөгжлийн банк 2011-2022 онд 4.36 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн. Санхүүжилтийн 33 хувь нь Засгийн газрын санаачилсан төсөл, хөтөлбөр, 22 хувь нь төрийн өмчит компаниудад ногдсон бол 45 хувийг нь хувийн хэвшлийг дэмжихэд зориулан олгосон. Санхүүжилтийн бодлогын чиглэлээр нь харвал, 47 хувь нь импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, 24 хувь нь нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжил, 17 хувь нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болох санхүүжилт байна. Үүний үр дүнд эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банкнаас эрчим хүчний дөрвөн том төслийг санхүүжүүлснээр цахилгаан үйлдвэрлэл 312 МВт, дулааны эрчим хүч үйлдвэрлэл 348 МВт-аар нэмэгдсэн бол цементийн дөрвөн том үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Хөгжлийн банк байгуулагдсан зорилгынхоо хүрээнд эдийн засаг, нийгэмд үүргээ амжилттай хэрэгжүүлж, бодитой хувь нэмрээ оруулж ирсэн ч олон хүчин зүйлийн улмаас анхны зорьсон үр дүндээ хараахан хүрээгүй, санхүүгийн үзүүлэлтүүд муудсан. 3.7 их наяд төгрөг байсан Хөгжлийн банкны актив хөрөнгө 2024 оны эцэс гэхэд 2.2 их наяд болж буурсан. Зээлийн багц багасаж 2.27 их наяд төгрөг болсон тул засаглалаа сайжруулж, санхүүгийн үйлчилгээгээ өргөжүүлэх зэрэг асуудлаа хуулийн төсөлд тусгаад байна. Хөгжлийн банк санхүүгийн чадавхаа сайжруулахаар Засгийн газраар хоёр том шийдвэр гаргуулсан. Чанаргүй зээлд томоохон хувь эзэлж байсан төрийн өмчтэй холбоотой зээлүүдийг эзэнжүүлж, тодорхой болголоо. Үүрч болзошгүй үүргээс Хөгжлийн банкийг чөлөөлөх зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд 430 орчим тэрбум төгрөгийн зээл эзэнтэй болж, 500 тэрбум төгрөгийн баталгаанаас чөлөөлөгдсөн. Өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх арга хэмжээ авсны үр дүнд хувьцаа эзэмшигч үүргээ гүйцэтгэж, дүрмийн сангаа нэмэгдүүллээ. Эдгээрийн үр дүнд санхүүгийн үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан. Хөрөнгө оруулалтын сан буюу мэргэшсэн сангуудыг удирдах баг бүрдсэн. Бид бүх төслийг өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлэх биш, олон улсын болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Хөгжлийн банк, эксим банк хоёр бол институтийн хувьд өөр. Нэг нь хөгжлийн зорилтот төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг, нөгөө нь худалдааны санхүүжилт олгодог. Тиймээс боломжтой хувилбараар хослуулж ажиллана” гэж ярилаа.

“Эрчим хүчний найдвартай ажиллагаагаа дээшлүүлж чадсан”

Дараагийн илтгэлийг “Төрийн дэд бүтцийн төслийн санхүүжилт ба сургамжууд” сэдвээр Азийн хөгжлийн банкны хот хөгжүүлэлтийн мэргэжилтэн Раушан Маматкулов тавьсан юм.

Тэрбээр “Хөгжлийн банк арилжааны банкууд шиг ашгийн төлөө өрсөлдөх ёсгүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн өгөөж иргэд, нийгмийн давхаргуудад ижил тэгш хүрдэг байх ёстой” хэмээн дурдав. Өөр нэг илтгэгч бол “ДЦС-4” ТӨХК-ийн Судалгаа хөгжлийн албаны дарга Г.Галбадрах байв.

Тэрбээр “Хөгжлийн банкны санхүүжилт ба үр дүн” сэдвээр илтгэл тавих үеэрээ “ДЦС-4” нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.7, Улаанбаатарын дулааны эрчим хүчний 54 хувийг дангаараа хангадаг. Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөн, турбоагрегатуудыг шинэчилсэн. Монгол Улсын эрчим хүчний эрэлт жил бүр өсөж байгаа. Нөгөөтээгүүр, “ДЦС-4”-ийг 1983 онд ашиглалтад оруулсан учраас уурын турбинүүдэд эвдрэл гарах эрсдэл тулгараад байсан. Санхүүжилтийн эх үүсвэр найдвартай байсан учраас бид төслөө амжилттай хэрэгжүүлж, эрчим хүч хангамжийн найдвартай ажиллагаагаа дээшлүүлж чадсан” гэж байлаа.

Хөгжлийн банкнаас эхлүүлсэн бодлогын шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж байр сууриа илэрхийлэхдээ “Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4”-ийг 123 МВт-аар өргөтгөсөн.

Тавантолгойн ДЦС-ын төсөл 450 МВт-ын хүчин чадалтай байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шиг дөрвөн өргөтгөл хийхэд л Тавантолгойн ДЦС-тай дүйх хэмжээний эх үүсвэр нэмэх бүрэн боломжтой.

Бид Улаанбаатарын агаарын бохирдлыг цахилгааны тусламжтайгаар шийдэх боломж бий. Эрчим хүчний тусгаар тогтнолыг илүү батжуулахын төлөө хөрөнгө оруулагчдадаа уриалмаар байгаа. Төмөр замын томоохон төслүүд, нефтийн үйлдвэр урагшилж байна. Бид нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллароос дээш орлоготой улс болохоор зорьж ажиллаж байна” гэлээ.

“Үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхой тусгах хэрэгтэй”

“Хөгжил ба шинэчлэл” форум “Монгол Улсын хөгжилд Хөгжлийн банкны шинэ чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Эл хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Анар панелистаар оролцсон. Тэрбээр “Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших 14 жилийн сургамжаас юуг ойлгоод, хуулиа шинэчлэх гээд байгаа вэ гэвэл банк цаашид ямар зээлүүд олгох вэ, зах зээлд дутагдаад байгаа ямар сегментэд очиж үйлчлэх вэ гэдэг асуудлыг зохицуулахаар тусгасан.

Хэрэгцээ шаардлагатайгаа нийцэхгүй заалтууд байгаа учраас хуулийн өөрчлөлтийг танилцуулж байгаа” хэмээн ярив. Тэгвэл эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлд гурван гол зүйл байгаа. Нэгдүгээрт, улс төртэй яаж холбогдох вэ.

Дэлхийн 200 гаруй Хөгжлийн банкны байдлыг харахад 70 орчим хувь нь 100 хувь төрийн байгууллага байна. Манайхтай адил төрийн өмчтэй. Тэдгээрт

  • Улс төрийн хараат бус, бие даасан байдлаа яаж хангах вэ 
  • Санхүүжилтийн бие даасан, хараат бус байдлаа яаж хангах вэ
  • Улс төрийн эрсдэлийг яаж бууруулах вэ гэсэн гурван том асуудал тулгардаг нь судалгаагаар нотлогдсон.

Иймээс Хөгжлийн банкны тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтөөр үүнийг тусгаж байгаа гэж ойлгосон. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хамрах хүрээг сайн зааж оруулах ёстой. Хоёрдугаарт, засаглалыг нь сайжруулах хэрэгтэй.

ТУЗ өдөр тутмын үйл ажиллагааны шийдвэр гаргана гэдэг нь аль ч улсын арилжааны болон хөгжлийн банканд байдаггүй жишиг. ТУЗ-ийн хараат бус байдлыг хангах, гүйцэтгэх удирдлагын бие даасан байдлыг хангах нь маш чухал” гэв.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банк шинэчлэлийн хүрээнд бодит ахиц гаргаж эхэлжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр дүрмийн сангаа 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгө нь тав дахин өсөж, 1.95 их наядад хүрсэн, чанаргүй зээлийн хувь хэмжээ 2023 онд 57.38 хувь байсан бол энэ жил 27.4 болж буурах тооцоо гарсан байна.

Мөн өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9.46 хувиас 45.49-д хүрч, санхүүгийн тогтвортой байдал нь эрс сайжирч байгаа аж.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

https://www.facebook.com/share/v/1Bd81Yrz7W/

https://www.facebook.com/share/v/1CUTZsMkaX/

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25