Нэгэн танил Z үеийн ЗАЛУУ: -Амьдрахын тулд өөрөөсөө эсрэгцэх үе гарна, сэтгэл хөдлөл биш, тархиараа. Сонголтоо ч бас тархиараа. Амьдрах хэрэгтэй шүү дээ. Заримдаа амьсгал авч чадахгүй болтлоо бачуурна. Тэглээ гээд үхэлтэй нь биш. Тэр үедээ уул руу гүйчихдэг. Очоод дасгал хийнэ. Хүссэнээрээ орилно. Өглөө, өдөр, орой, шөнө хамаагүй. Энергиэ нөхөх шиг санагддаг хэмээн надад ярьсан юм.
Би тэр мэдрэмжийг нь ойлгоё гээд ч чадаагүй. Зүгээр л толгой дохиод хажууд нь сууж байлаа. Ер нь дэлхий дахинаа л амьдралын утга учрын мэдрэмж буурч байгаа гэх.
Z гэгддэг үеийнхэн гаднаа ухаалаг, бүтээлч, бие даасан харагддаг. Эрх чөлөөний мэдрэмж өндөртэй. Асар их мэдээлэл, технологи дунд өссөн хүүхдүүд. Үүний цаана ганцаардал, айдас, идээдүйд итгэлгүй байдал бий.
Дэлхийн судалгаанаас эхэлье. 2024 онд Харвард болон Бэйлорын их сургуулиуд хамтран 20 гаруй оронд 200.000 гаруй хүнийг хамарсан “Global Flourishing Study” нэртэй судалгаа хийжээ. Үр дүнг "Nature Mental Health" сэтгүүлд нийтэлсэн бөгөөд 18-29 насны залуусын амьдралын сэтгэл ханамж, аз жаргал, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, мөнгө санхүү, харилцаа холбоо, амьдралын утга учрын мэдрэмж огцом буурсан хэмээн дүгнэжээ.
Судалгааг ахалсан профессор Тайлер Вандервийл: “Энэ бол тун ноцтой дүр зураг. Бид залуусын сайн сайхан байдалд хангалттай хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу гэдгээ эргэн нэг харах ёстой” хэмээн онцолсон байна.
Сэтгэлзүйч Б.Ундрам “Монгол залуусын дунд ганцаардал, итгэл алдрал, утгагүй мэт мэдрэмж, сэтгэл гутрал ховор үзэгдэл биш болжээ. Сошиал орчинд олон найзтай мэт харагдавч, бодит амьдрал дээр хэнтэй ч сэтгэлээ хуваалцаж чаддаггүй хүн олон” хэмээжээ.
Монгол Улсад 2023 онд "Эрүүл мэндийн үндэсний төв"-өөс 15-34 насны залуусын дунд хийсэн судалгаагаар:
37% нь байнгын түгшүүр, бухимдалтай байдаг гэжээ
26% нь сэтгэл гутралтай тэмцэж байсан
18% нь “амьдрал утгагүй” гэж мэдэрдэг тухайгаа хуваалцсан байна.
Шалтгаан нь юу вэ?
1. Технологийн донтолт
Хүүхэд байхаасаа утсанд донтож, нийгмийн харилцаанд орж амжаагүй “дижитал өсөлттэй” үе бүтэж байна. Бодит харилцааны орон зай хумигдаж, залуус сошиалын төгс дүр төрхтэй өөрсдийгөө харьцуулсаар, сэтгэл ханамжгүй болж байна.
2. Эдийн засгийн тогтворгүй байдал
Мөнгө санхүүгийн дарамт, түрээсийн орон сууц, ажил олох хэцүү байдал залуусыг эрт наснаасаа амьдралын хүндийг үүрэхэд хүргэж, сэтгэл гутраалын нэг шалтгаан болдог.
3. Хүлээлт ба дарамт
"Чи ирээдүй нь шүү", "Одоо залуудаа зүтгэ", "Чи л манайхны итгэл найдвар" гэх үгс анх сонсоход бахархал мэт боловч, өөрийгөө байнга батлах ёстой мэт хүлээлт сэтгэл зүйг нухчин дарж эхэлдэг.
Сэтгэл зүйч С.Мөнхцэцэг: “Залуусын хамгийн их ярьдаг үг бол "Ядарч байна" болсон. Гэвч ядарсан гэдгээ хэлэх эрхгүй мэт мэдэрч, дотроо бүгдийг хадгалж явна” хэмээн хэлжээ.
-Сэтгэл зүйн боловсролыг ерөнхий боловсролын шатнаас эхлүүлж заах
-Сэтгэл заслын үйлчилгээний хүртээмж, нэр хүндийг нэмэгдүүлэх
-Залуусын дуу хоолойг бодлогын төвд аваачих
-Гэр бүл, сургуулийн орчинд эерэг, ойлголцол дээр суурилсан уур амьсгал бүрдүүлэх
“Одоо үеийн залуус ганцаараа боулинг тоглож байгаа биш, бүр тоглохоо ч больсон” – эдийн засагч Дэвид Бланчфлауэр
Залуус бол ирээдүй биш, одоо цаг юм. Залуусыг зөвхөн “ирээдүйн найдвар” гэж үзэхээс илүүтэй, өнөөдөр тэдний сайн сайханд бодитоор хөрөнгө оруулах цаг болсныг энэхүү нийтлэл, судалгаанууд, мэргэжилтнүүдийн үгс бидэнд сануулж байна.