Лхагва гарагт /2025.05.21/ хуралдсан МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг ЗГ-ын бүрэлдэхүүнээс хасаж, дараагийн Засгийн газрыг шинэ бүрэлдэхүүнээр бүрдүүлэхээр болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд, хамтарсан Засгийн газрыг намын бодлогоор дэмжихгүй бол би ажлаа өгнө гэдгээ Бага хурлын үеэр мэдэгдсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох нь тодорхой болсон юм.
Ингээд ерөнхий сайдын марафон, гардан тулаан ширүүсч эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хаанчлал тогтож байна. Ес-ын нэр түүний өрөөнөөс гарах тухай улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Ерөнхий сайдад горилогч улстөрчийн нэг бол Шадар сайд С.Амарсайхан. Тэрбээр улс төрийн замналаа 2012 онд нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөс эхэлж байжээ. Хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан түүнийг хотын дарга болохоос нь өмнө олон нийт төдийлөн мэддэггүй байв. Улмаар 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга, 2019 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргаар хэл амтай сонгогдож, нийслэлчүүд түүнийг таньдаг, мэддэг болсон. Гэвч Женкогийн худ, ОХУ-ын бэт гэгдэх түүнийг намаасаа дэмжлэг авч чадахгүй гэх хүн олон байна.
Бас нэг горилогч Сангийн сайд Б.Жавхлан. Цар тахлаас хойш эдийн засгаа өсөлтөд хүргэх, төсөв батлах гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын олон гавьяаны эзэн бол Сангийн сайд Б.Жавхлан. Улс төрийн хувьд Б.Жавхлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ч дэмжлэгтэй нэгэн гэгддэг. Дархан-Уул аймгаас хоёр дахь удаагаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа тэрбээр банкны салбараар мэргэшсэн улстөрч. Түүнийг төрийн өндөрлөгийн холбон тоглогч тул магадлал тун өндөр гэсэн таамаг бий.
ЕТГ-ын дарга Г.Занданшатар. Түүний хувьд У.Хүрэлсүхийн засгийн газрын гал тогоог барьж байсан ойрын хүн. Сүүлд 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойргоос нэр дэвшсэн боловч иргэдийн итгэлийг хүлээж, сонгогдож чадаагүй юм. Тэрбээр одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.
Хөдөө, аж ахуйн сайд Ж.Энхбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүтгүүлэх магадлалтай улстөрчийн нэг бол Ж.Энхбаяр. МАН-аас дөрөв дэх удаагаа нэр дэвшиж сонгогдсон. Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Энхбаяр гэдгээр нь улс төрийн хүрээнд илүү сайн мэднэ. Сайн эцгийн буянаар тэр улстөрд нөлөөтэй болж, МАН-ын залуу үеийн түүчээ хэмээн үнэлүүлдэг нэгэн.
МАН-ын ГЕНСЕК Я.Содбаатар: Түүнийг хоёр ч удаа сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрыг хамгийн сайн холбох хүн гэцгээж байна. Мөн удирдах зөвлөлөөс түүнийг томилсон гэх мэдээлэл ч бий. Харин Я.Содбаатар өөрийн цахим хуудсаараа "Надад тийм амбиц байхгүй" хэмээн мэдэгдээд байгаа юм.