Казахстан төрийн өгөгдлийн дэд бүтэцдээ Оросын үүлэн технологийг ашиглаж байгаа нь аюулгүй байдлын болгоомжлол төрүүлөх нь аргагүй.
Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн технологийн (IT) дэд бүтцийг хариуцдаг орон нутгийн компани Оросын үүлэн үйлчилгээ (cloud) үзүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа тухай мэдээлэл гарсны дараа Казахстаны гол салбаруудын өгөгдлийн аюулгүй байдал эмзэг болох эрсдэлтэй гэх болгоомжлол нэмэгдэж байна.
Хэдийгээр холбогдох компаниуд нууц мэдээллийг Орос руу алдсан гэх мэдээллийг няцааж байгаа ч Орост суурилсан үүлэн технологиос хамааралтай болсон нөхцөлд тэд өгөгдөлдөө бүрэн хяналт тавьж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Казахстаны мэдээллийн AZH агентлагийн арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлснээр, нийслэл Астана хотод төвтэй, Төв Азийн кибер аюулгүй байдлын хамгийн том хувийн компаниудын нэг болох Кибер халдлагад дүн шинжилгээ хийх, мөрдөн шалгах төвийн (TSARKA) ерөнхийлөгч Олжас Сатиев саяхан өгсөн ярилцлагадаа Оросын VK Cloud платформ болон Казахстаны мэдээллийн технологийн дэд бүтцийн оператор QazCloud компанийн хамтын ажиллагаа нь үндэсний өгөгдлийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
Сатиев тайлбарлахдаа: “VK Cloud, Servercore, IT-GRAD зэрэг Оросын үүлэн үйлчилгээ үзүүлэгчид Казахстанд үйл ажиллагаа явуулдаг ч тус улсад өөрийн гэсэн дата төвгүй бөгөөд орон нутгийн операторуудаас байгууламж түрээслэн ашигладаг” гэв.
Тэрээр мөн “Зарим тохиолдолд техникийн үндсэн дэмжлэг болон системийн удирдлагыг Оросоос хангадаг” хэмээн нэмж хэлээд, гаднын технологиос хамааралтай байх нь тус улсын цахим бүрэн эрхт байдалд эрсдэл учруулж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.
Казахстаны үндэсний баялгийн сан болох Самрук-Казына (Samruk-Kazyna)-гийн охин компани болох QazCloud нь төрийн өмчит болон төрийн оролцоотой томоохон аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн технологийн дэд бүтцийг хариуцдаг.
Тус баялгийн сан нь газрын тос, байгалийн хий олборлогч КазМунайГаз, уран олборлогч Казатомпром, үндэсний эрчим хүчний сүлжээний оператор KEGOC, мөн төмөр зам, ложистикийн Казахстан Темир Жолы зэрэг улсын гол салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит томоохон компаниудыг удирддаг юм.
Оросын үүлэн үйлчилгээ үзүүлэгч VK Cloud нь 2023 онд QazCloud компанитай түншлэх замаар Казахстаны зах зээлд нэвтэрч, орон нутгийн дата төвүүдэд үүлэн технологио байршуулжээ.
Энэ оны хоёрдугаар сард VK Cloud нь Астана дахь Kazteleport дата төвд технологио байршуулснаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр.
Самрук-Казына болон QazCloud компаниуд аж ахуйн нэгжүүдийн нууц өгөгдлийг тусдаа байгуулсан бие даасан системээр дамжуулан удирддаг тул аюулгүй байдал бүрэн хангагдсан гэсэн байр суурьтай байгаа юм.
Гэсэн хэдий ч үүлэн үйлчилгээний үндсэн технологи болон үйл ажиллагааны дэд бүтэц нь Орост суурилсан тухай мэдээлэл гарснаар болгоомжлол хэвээр үлдлээ. Өгөгдөл нь Казахстан дахь серверүүд дээр хадгалагдаж, тусдаа системээр удирдуулж байгаа ч суурь технологи болон ажиллах бүтэц нь Орост байрлаж байгаа нь гаднаас хандах хандалтыг хэр зэрэг хянаж чадах вэ гэх асуултыг дагууллаа.
Түүнчлэн аюулгүй байдлын эдгээр системүүд хөндлөнгийн гуравдагч байгууллагаар бие даасан баталгаажуулалт хийлгэсэн эсэх нь олон нийтэд хараахан батлагдаагүй байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад



