2025 оны эхний 04 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдснээс Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 5744 буюу 30.9 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Он гарснаас хойш телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Цахим залилан нь ихэвчлэн фейсбүүкээр явагддаг байсан бол одоо инстаграм, телеграм, тик токт өргөн тархжээ. Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм аппликэйшнд сайт дээр таны зураг байна хэмээн таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж, хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байна.