Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжтай, байгальд ээлтэй нийтийн тээврийг хөгжүүлэх зорилт тавьсны нэг томоохон төсөл нь хөнгөн галт тэрэг буюу LRT “Трамвай”. Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн I шугамыг "Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км урттай 12 өртөөтэй байхаар, II шугамыг "Буянт-Ухаа" цогцолбороос "Торгоны зам" цогцолбор, 120 мянгатын уулзвараас Сүхбаатарын талбай чиглэлд 15 км урттай 22 өртөөтэй байхаар төлөвлөсөн.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах ажлыг одоогийн байдлаар хийж байна гэдгийг НИТХ-ын Ээлжит бус VI хуралдаанд Төсөл хэрэгжүүлэх нэгжээс танилцууллаа.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг энэ улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
EPC гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд уг төслийг 2024- 2031 он хүртэл хэрэгжүүлж дуусгах хугацаатайг онцоллоо.
Хөнгөн галт тэрэг LRT “Трамвай” төсөл хэрэгжүүлснээр өдөрт 15-25 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 25,7 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа аж. Энэ онд уг төсөлтэй холбоотой байгаль орчны төлөв байдлын суурь судалгааг хийж, холбогдох зөвлөмж гаргах, төслийн концепц зураг болон трассын чиглэлийг боловсруулан баталгаажуулах, төслийн эдийн засгийн үндэслэл болон бусад нарийвчилсан төлөвлөлтөд шаардлагатай тооцооллыг хийж дуусгах гэнэ. Үүний дараагаар ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх багийг сонгон шалгаруулж, зөвлөмжийн дагуу ажлын зураг төсөл, техникийн баримт бичгийг бүрдүүлэн, ТЭЗҮ болон замын трассын магадалгааг хүлээн авч, баталгаажуулах ажлыг 2025 оны III улиралд багтаан хэрэгжүүлэхээр байгааг Сэлбэ 20 минутын хот корпорацын гүйцэтгэх захирал У.Баатар хэллээ.
Төслийн барилга угсралтын ажлыг 2027 оны I улиралд эхлүүлэх бэлтгэл хангана. Түүнчлэн, трамвайтай холбоотой техникийн стандарт, дүрэм, зохицуулалт, орчны төлөвлөлт зэрэг нарийвчилсан баримт бичгийг боловсруулж, Тээврийн төслийн хэрэгжилтийн үе шаттай уялдуулан III–IV улиралд багтаан бүрэн дуусгах зорилт тавьжээ.