Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж буюу Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүнсний ногоо тариалах шинжлэх ухаан, технологийн жишиг парк байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. Төслийн танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин өглөө.
Монгол Улс БНХАУ-тай дипломат хамтын ажиллагаа үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Тяньжин хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “10 бодит ажил”-ыг хамтран хэрэгжүүлэхээр 2018 онд санаачилсан бөгөөд үүний нэг нь “Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгаа хийж холбогдох арга хэмжээ авах” ажил юм. Улмаар төслийг сэргээж, эрчимжүүлэх хүрээнд 2023 оны хоёрдугаар сард хүлэмжийн төслийг хэрэгжүүлэхээр Хотын дарга нар харилцан тохиролцсон бөгөөд уг ажлын хэрэгжилтийг хангахыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д даалгасан байна.
Энэхүү Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК, төслийн судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн их сургууль, “Тяньжин хүнс групп” ХХК нь БНХАУ-ыг төлөөлж төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгжийн хувьд төслийг санхүүжүүлэх, хөдөө аж ахуйн шинэ технологи нэвтрүүлэх ажлыг хариуцах юм байна. Дөрвөн улирлын хүлэмжийг ашиглалтад оруулснаар тухайлбал, 1300м2 талбайд хүнсний ногооны хөрсгүй тариалалт хийж жилд 99 мянган тонн навчит ногооны ургац авч нийслэлийн хүн амын хэрэгцээг хангаж, гадаадад экспортоор гаргахаар төлөвлөсөн байна. Мөн 700м2 талбайд үйлдвэржсэн механик үрслэгээ жилд 6.048.000 ширхэг сайн чанарын үрслэгээ үйлдвэрлэх боломжтой аж.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Гурван цогц бүтээн байгуулалт хийгдэх юм байна. Хүлэмжээс гадна аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний чиглэлээр ашиглах боломжтой цэцэрлэгт хүрээлэнг бий болгох, сургалт, судалгааны явуулах боломжтой гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөтөлбөртэй зорилго нэг, ач холбогдол, өргөн цар хүрээтэй төсөл учир дэмжиж байна. Гол нь дэд бүтцийн ажил чухал. Усны асуудлаас эхлээд хэрхэн шийдэж байгаа вэ” хэмээн тодрууллаа.
НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн захирал Ж.Сандагсүрэн “Гурван цогц бүтээн байгуулалт хийгдэнэ. ТЭЗҮ-д тусгасан. Төслийн I, II шатанд ус хангамж, дэд бүтцийн асуудлыг шийдэхээр тусгасан. Дэд бүтцээс алслагдсан газарт бүтээн байгуулалт хийгдэх учир гүний усаар асуудлыг шийднэ. Цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатар хотоос 30 км буюу СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хийгдэнэ. Нийтдээ 90.3 сая юань буюу 30 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын 49 хувийг хүлэмж байгуулах газрыг шийдэх хэлбэрээр төсөлд тусгасан. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс гадна Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаяр “ДЭМБ-ын зөвлөмжид хүн өдөрт дунджаар 130гр хүнсний ногоог хэрэглэхийг тусгасан байдаг юм билээ. Харин Монгол хүн өдөрт дунджаар 5.7 гр хүнсний ногоо хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Дэлхийн дунджаас хэд дахин доогуур үзүүлэлт. Зүгээр нэг тоон үзүүлэлт юм шиг боловч ард нь хүний эрүүл мэнд, эдийн засгийн чадавх, хүнсний ногооны хангамжийн асуудал яригдана. 2022 оны Олон улсын худалдааны тайлангаас харахад манай улс жилдээ 146 сая ам.доллароор импортын хүнсний нарийн ногоо авдаг. Хэрэглээнийхээ 96 хувийг импортоор авдаг гэсэн үзүүлэлт байсан. Тэгэхээр энэ тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжих нь гэж ойлгож байна” хэмээн онцоллоо. Хуралдаанаар “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг байгуулах тухай асуудлыг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа.
“Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжсэнээр:
- Монгол Улсын уур амьсгалын нөхцөл байдал, газар зүйн онцлог байдалд нийцүүлсэн хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- Шинэ технологи нэвтрүүлж, нөөцийн ашиглалт, эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний ургац, хүртээмжийг нэмэгдүүлэх
- Дотоодын хэрэгцээг хангах нийлүүлэлт
- Орчин үеийн хөдөө аж ахуйн жишиг парк байгуулах
- Нарийн ногоо болон жимс жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийг стандартын дагуу тариалах боломжтой болох аж.