Dark Light
Нийгэм | 2025-05-27

САЙН ЭХНЭРИЙГ САРДАА НЭГ...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

"Олгой харавч тогоон дотроо", "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" хэмээх уламжлалт үгс өнөөдөр хүчирхийллийг хаалттай хаалганы цаана үлдээх шалтаг болсоор байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн цохилт, шарх сорвиор хязгаарлагддаггүй. Тэр нь эдийн засгийн, сэтгэл зүйн, бэлгийн, бие махбодын олон хэлбэртэй. Эдгээр нь хүнийг эрхшээлдээ байлгах, тамлан зовоох гэсэн гаж таашаалын илрэл.

Сэтгэл зүйн болон бие махбодын хохирол нь нөхөн төлж баршгүй бөгөөд энэ цикл хүүхдүүдэд дамжиж, ирээдүйн хүчирхийлэгч төрөх хөрс болдог. Хамгийн харамсалтай нь, ийм хүчирхийллийн улмаас жил бүр олон хүн амь насаа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болон үлддэг. Зарим эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөн зулбаж байна.

Цагдаагийн байгууллагад жилд 14 мянга орчим хүчирхийллийн шинжтэй дуудлага бүртгэгдэж байгаагаас 85 хувь нь эмэгтэйчүүд, 15 хувь нь эрэгтэйчүүд хохирогч болж байна. Хохирогчдын ихэнх нь гэр бүлийн "нууц", "ичгүүр"-ээс болж цагдаад хандахгүй өнгөрдөг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө 8 хувь нь л цагдаагийн байгууллагад ханддаг байна.

Цагдаа дуудсан ч асуудал шийдэгдэхгүй байх магадлал бий. Цагдаа нарыг ирэхэд хүчирхийлэгч зугтсан, эсвэл унтсан байвал хэргийн мөрдлөг зогсож, дуудлага өгсөн иргэн худал мэдээлэл өгсөн хэмээн торгуулах жишээ ч олон. Энэ торгуулийг хохирогч өөрөө төлнө. Түүнчлэн, хүчирхийлэл нь хөнгөн зөрчлийн түвшинд үнэлэгдэж, 7-30 хоног баривчлагдах эсвэл сургалтад хамрагдах шийтгэл оноодог. Харин 3 болон түүнээс дээш удаа давтагдвал гэмт хэрэгт тооцогддог.

Бие махбодын хүчирхийлэл шарх сорвиор батлагддаг бол сэтгэл зүйн хүчирхийллийг нотлох маш хүндрэлтэй. Тэр ч утгаараа хохирогчид илүү эмзэг, ганцаардмал байдалд үлддэг. 2017 оноос 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалсан 116 хүн нас барсан бөгөөд энэ тоонд амиа хорлолт багтаагүй байгаа.

Энэ бүхнээс харахад “гэр бүлийн хэрэг” нэрийн дор нуух боломжгүй бодит аюул нийгэмд нүүрлэсээр байна. Хүчирхийлэл бол нууц биш, гэмт хэрэг юм.

Хүмүүсийн дунд согтуугаар үйлдэгдсэн хүчирхийллийг "санамсаргүй" гэж ойлгох тохиолдол бий. Гэвч согтуу хүн болгон цагдаа руу дайраад байдаггүй. Харин гэр бүлийнхээ гишүүд рүү халддаг нь санаатай байж болохыг харуулдаг. Архидан согтуурсан үед гарч буй хүчирхийлэл бол зүгээр нэг "архи уусных" биш, харин хэн нэгнийг дарамтлах, хүчирхийлэх зорилготой, ухамсартай үйлдэл байх магадлалтай.

Хэн ч ямар ч буруу зүйл хийсэн бай, хүчирхийлэлд өртөх ёсгүй. Ялангуяа хүүхдийн өмнө архи уух, согтуугаар үйлдэл хийх нь өөрөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн тохиолдолд энэ нь хамгийн өндөр эрэмбэтэй дуудлага болдог. Тиймээс цагдаагийн алба хаагч тухайн дуудлагад хамгийн түрүүнд очих ёстой. Жишээ нь, хулгайн гэмт хэргийн дуудлагатай зэрэг орж ирлээ ч, хүчирхийллийн дуудлагыг тэргүүнд авч үздэг.

Дуудлага мэдээлэлд үндэслэн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх шаардлагатай болдог. Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч байхгүй бол 108 хүүхэд хамгааллын төвд мэдэгдэж, хамгаалалтад авдаг.

Энэ үйл явц тодорхой цаг хугацаа шаарддаг. Тухайн үед өөр дуудлагууд орж ирвэл дараагийн чиглэлээр холбогдох ажилтнуудад шилжүүлдэг. Гэвч гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг давамгайлж байвал тэдгээр дуудлагуудыг урьдчилан авч үзнэ.

Хүчирхийлэл үйлдэж буй этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.2.7-д заасны дагуу хариуцлагад татах үндэслэл үүсдэг. Үүнд:

-Согтуугаар гэр бүлийн гишүүн рүү халдсан

-Хүүхдийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн

-Хүүхдийн эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлүүд багтдаг.

Хүчирхийлэл ихэвчлэн нэг удаа болоод өнгөрдөггүй. Хэрвээ тухайн хүн асуудлаа хүчирхийллээр шийдэх зуршилтай бол энэ нь дахин дахин давтагддаг. Удаан үргэлжилвэл хүчирхийллийн давтамж ойртож, хохирол нь гүнзгийрсээр хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй.

Эдгээр хүчирхийллийг илрүүлэхэд:

-Иргэдийн дуудлага, мэдээлэл

-Хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнуудын мэдээлэл их чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүчирхийллийн эсрэг ханддаг хүмүүсийн хувьд дийлэнх нь 1-3 жил, зарим нь бүр 25 жил хүртэл ийм хүчирхийлэлтэй орчинд тэсэж амьдарсан байдаг. Үүний шалтгаан нь:

-Үр хүүхдээ бодож,

-Эдийн засгийн хараат байдалд орсон,

-Сэтгэл зүйн хувьд хүчирхийлэгчээсээ салж чадахгүй байх,

-Хаашаа явахаа мэдэхгүй, очих газаргүй байх гэх мэт.

Тиймээс зарим нь хүчирхийлэлээс зугтааж аав ээж дээрээ очоод, хэсэг хугацааны дараа дахин буцаж очихоос өөр аргагүйд хүрдэг. Ингэж байсаар байгаад байдал улам даамжирч, амь насанд нь аюултай болсны дараа л хандах нь бий. Ийм хүмүүсийн сэтгэцийн байдал маш их гэмтсэн, нөхөн сэргээгдэхэд хэцүү болдог.

Хүчирхийлэл үйлдэгч нөхөртөө хайртай, “засраасай” гэсэн найдлагатай байдаг. Ийм тохиолдолд хүчирхийлэл үйлдэж буй этгээдэд зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах, гэр бүлийг эвтэй байлгах оролдлого хийх боломж байна. Энэ бол хуульд тусгагдсан боломж юм.

Хүчирхийлэлд өртөгсдийн хувьд дийлэнх нь 22-45 насныхан байна. Сонирхолтой нь, дээд боловсролтой хүмүүсийн дунд хүчирхийлэл үйлдэгчид их байгааг судалгаа харуулж байна. Харин бага боловсролтой хүмүүсийн дунд энэ тоо хамаагүй бага. Энэ нь боловсролын системд хүчирхийллийн талаарх мэдлэг, хүмүүжил дутмаг байгааг харуулж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрт энэ асуудлыг тусгах хэрэгтэй.

Дүүргүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд өөр өөр байна. СХД-т шилжин ирэгсэд олон байдаг, зарим нь тог цахилгаангүй, мэдээлэл хомс нөхцөлд амьдардаг. Тэнд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл түгээмэл байна. Харин Хан-Уул дүүрэгт сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл давамгайлдаг. Хүмүүсийг ажил хийлгэхгүй байх, тусгаарлах, дорд үзэх гэх мэт хэлбэртэй.

Хохирогчид ихэвчлэн найз нөхдөөсөө ичдэг, нууцалдаг. Зарим нь ойрын найздаа хэлдэг. Харин сүүлийн үед байгууллагууд ажилтнуудаа хамгаалдаг болсон. Жишээлбэл, хөхөрсөн, няцарсан байдалтай ажилтан ирэхэд хүний нөөц нь арга хэмжээ авдаг болжээ. Зарим байгууллага хамгаалах байранд байгаа хугацаанд нь ажилтандаа цалинг нь өгч, дэмждэг болсон нь маш сайн жишээ юм. Энэ нь давтагдах хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй.

Гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөх, тэвчих нь хэвийн зүйл мэт ойлголт нийгэмд гүн суусан байна. "Би ч гэсэн зодуулж байсан", "тэсэх л ёстой" гэх хандлага нь хүчирхийллийг улам бүр бататгаж, хүлээн зөвшөөрөх орчинг бүрдүүлдэг. Харин үүнийг өөрчлөхийн тулд хүчирхийлэл бол байж болох зүйл биш, буруу гэдгийг нийгмийн түвшинд ухамсарлуулах хэрэгтэй. Мөн асуудлыг хүчээр бус эв зүйгээр шийдвэрлэх нь жинхэнэ эр зориг, ухаалаг байдал юм гэдгийг хүүхдүүдэд ч, томчуудад ч ойлгуулах шаардлагатай. Хүчирхийлэл нь зөвхөн архичин, ядуу хүмүүст тохиолддог зүйл биш бөгөөд нийгмийн бүх давхаргад оршдог. Иймд эдгээр буруу хандлагыг засч, хүчирхийллийг тэвчдэг бус, түүнийг таслан зогсоох нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх нь хамгийн чухал юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00