Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Л.Мөнхбаатар, Хуульзүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэлээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт оролцсон юм. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон өнгөрсөн хугацаанд Засгийн газраас баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчилж ажилласан гэдгийг тодотгоод Шинэ Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарт ажлын амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд Монгол улсын эрхзүйт нийгэм, дотоод аюулгүй байдлыг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олонтой хамтран Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан эрхзүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, шинээр байгуулж буй Засгийн газрын бодлого шийдвэрт нийцүүлэн ажиллана гэдгээ тодотголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын хувьд 1999 онд тус яамнаас ажлын гараагаа эхэлж байсан, төрийн албанд мэргэжилтнээс эхлэн зүтгэсэн туршлагатай хуульч. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, системийн байгууллагуудтай хамтран Эрхзүйн шинэтгэлийн ажлыг зогсолтгүй үргэлжлүүлнэ гэгээ тодотголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл “Эрхзүйн шинэтгэл-2” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тэргүүтэй Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барьсан 18 хуулийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбарын харьяа байгууллагуудын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэж чадах мэргэжлийн хуульч томилогдож байгаад талархал илэрхийллээ.