Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан байгаа. Өндөр илчлэгтэй, угаагаагүй, чанаагүй нүүрсийг шууд хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэж үзсэн. Би хувьдаа Золжаргалыг эрдэмтэн гэж боддоггүй. Тэр бол улс төрч. Тэр дундаа сөрөг хүчний улс төрч бол аль болох эсэргүүцэх тал руугаа л явдаг.
Өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж, амиа алдсан. Энэ бүхнээс шалтгаалаад Үндэсний хороо шийдвэр гаргасан. Би бол тэр шийдвэрийг нь хэрэгжүүлж байна. Үндэсний хороо хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үзсэн учраас л ийм шийдвэр гаргасан. Хэрвээ би тогтоол зөрчсөн юм бол холбогдох байгууллагад нь ханд л даа. Амаараа л яриад байхын.
Хоёрдугаарт, одоо байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н сайжруулсан түлшний үйлдвэрийн нийт зардал, түүхий эдийн өртөг зэрэг бүх зүйлийг нь тооцоод үзэхээр 300 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байна. Энэ нь 80 орчим сая ам.доллар гэсэн үг. 800-аас дээш градуст боловсруулсан, давирхай болон бусад химийн хортой нэгдлүүдээс салгасан, өөрөө асаагч, өдөөгчтэй, хэвлэгдсэн түлшийг бид 200 гаруй тэрбум төгрөгөөр аваад, савлаад хэрэглээнд нэвтрүүлж байгаа.
Харин хагас кокс үйлдвэрлэдэг үйлдвэр Монголд одоогоор байхгүй. Тавантолгойн Бор тээг дээр хийж байгаа нь угаах, нүүрс боловсруулах үйлдвэр болохоос биш коксжуулах үйлдвэр биш. Багануурт баригдах үйлдвэр нь Эрдэнэс Монголын харьяа нэгжийн хүрээнд төлөвлөгдөж байгаа. Гэхдээ ийм үйлдвэр барихад хамгийн багадаа 30 сараас дээш хугацаа шаардлагатай. Тэр болтол бид яах вэ гэдгээ л ярьж байна.
Зуух солихгүйгээр энэ асуудлыг шийдье гэж байна. Торгуулийн орлогоор дулаалга хийх боломж бий юу гэдэг асуудал ч бас бий. Гэхдээ одоо санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Түүнээс биш бид бүхий л тооцоог хийсэн. Ер нь айлуудын оролцоог хангах чиглэл рүү л явна.
Нөгөө талаасаа дэлхий дээр ч нөхцөл байдал хүндэрсэн. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад нүүрсний үнэ 2017 оноос хойш байгаагүйгээр уначихсан. Цаашид ч гэсэн унана гэсэн таамаг явж байна. Ийм нөхцөлд төсөв тодотгох асуудал яригдаж таарна.
Тэгэхээр, торгуулийн орлого нэмэгдсэн үү гэдэгт бол тийм. Гэхдээ тэр мөнгө яг юунд зарцуулагдаж байгаа вэ, нийслэлийн төсөв тодотгогдох уу гэдгийг одоо ярьж байна.