Нэгэн гадаад иргэн Монголд аялж байхдаа Нарантуул зах дээрээс влог хийсэн нь цахим орчинд олон хүний анхаарлыг татав. Тэр бичлэгт тус захын худалдаачин Б.Хүрэлбаатар гадаад хэлээр чөлөөтэй ярьж, ажил амьдралынхаа талаар товчхон хүүрнэх нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. “Нарантуулын англи хэлтэй худалдаачин” хэмээн цахим хэрэглэгчид дуу нэгтэй үнэлж байв. Бид түүнтэй уулзаж, аж амьдрал, аялал жуулчлал, хэл сурах, хүний харилцаа, хөдөлмөрийн тухай илүү дэлгэрэнгүй ярилцлаа.
-Та Нарантуул зах дээр ажиллаад хэр удаж байна вэ?
-Намайг Хүрэлбаатар гэдэг. Нарантуул зах дээр ажил хийгээд нэлээн олон жил болж байна.
-Сүүлийн үед таны бичлэг цахим орчинд нэлээд тархлаа шүү дээ...
-Тийм ээ, анх мэдээгүй л явж байлаа. Манай нэг охин Австралид байдаг юм. Тэр хүүхэд маань тэндээс "таны бичлэг чинь энд тэндгүй цацагдаж байна" гээд л над руу хэлсэн. Би ч гайхсан шүү. Тэгээд бодоход, хавар ч юмуу, дөрөв эсвэл тавдугаар сард нэг залуу ирж, надтай яриад, камер барьсан байсан. Тэгээд л буцаж очоод бичлэгээ тавьсан юм билээ.
-Хүмүүсийн сэтгэгдэл хэр байсан бэ?
-Ёстой гоё, сайхан сэтгэгдлүүд зөндөө байсан. “Урт наслаарай”, “тан шиг хөдөлмөрч хүмүүс их хэрэгтэй байна” гээд л, баярлалаа гэдэг үгс их ирсэн. Монголын залуучууд, хүмүүс маш их урам өгсөн. Би ч тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Та аялал жуулчлалын салбарт ч ажиллаж байсан юм билээ. Энэ талаар яривал?
-Тийм ээ. Би уг нь жолооч хүн. Зуны цагт аялал жуулчлалын компанид ажилладаг байсан. 2019 оноос хойш бол ер нь явсангүй, сүүлийн жилүүдэд наймаагаа л хийж байна. Өвөлдөө бол бараг байнгын л зогсож ажилладаг шүү.
-Гаднын жуулчид хэр их ирж байна?
-Ер нь зуны улиралд их ирнэ ээ. Европын улсууд, Япон, Солонгос, Малайз гээд янз бүрийн хүмүүс ирдэг. Саяхан ч нэг Малайзын залуу ирсэн. Одоо тавдугаар сар гээд үндсэндээ жуулчдын цаг эхэлчихэж байгаа юм. Гаднынхан голдуу Нарантуулыг зорьдог. Хүмүүс сонирхоно, зураг авна, зарим нь ойр зуурын бараа ч авна.
-Тэд юу сонирхдог вэ?
-Ихэнхдээ сонин хачин зүйлс харж, Монгол хүмүүсийн аж амьдралыг ойлгох гэж орж ирдэг. Зарим нь бүр хөдөө явна. Хүйтэн газар луу явах учраас зузаан оймс, малгай, өмд энэ тэр аваад явдаг. Мөнх цаст уулын бэлд бол хүйтэн шүү дээ.
-Та гадаад хэлээ ахэрхэн сурсан бэ?
-Би Герман хэлтэй. Өөрөө л сурсан хүн. Ер нь аялал жуулчлалд ажиллана гэдэг чинь хэлийг ч, хүмүүстэй харилцах чадварыг ч маш сайн хөгжүүлдэг. Явж байхдаа ч Хятад, Япон, Солонгос, Австрали руу гээд олон хэл сонсоно, аялга нь өөр, акцент нь хүртэл их сонирхолтой. Тэр бол хэрэгтэй чухал зүйл шүү.
-Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе?
-Ер нь хамт олон гэдэг бол бие биедээ түшиг болдог улс шүү дээ. Ажил дээр ч, амьдрал дээр ч тэгж л явахгүй бол болохгүй. Хүн сурсан мэдсэнээ марталгүй явах нь чухал юм даа.