Өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн бакалавр, магистрын зэрэгт суралцан төгсөгчдийн эрдмийн баяр болж байна.
Эрдмийн баярт Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж оролцож, шинэхэн төгсөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлэн, сургаал айлдлаа.
Тэргүүн их хамба лам Д. Жавзандорж: “Та бүхний эрдмийн амжилт бол оюун санааны их аяллын эхлэл юм. Ухаарах, гэгээрэх, бусдыг дагуулах нь энэ цаг үеэс эхэлж байна. Иймд та бүхэн олж авсан эрдмээ өргөн олонд түгээж яваарай” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Тэрбээр төгсөгч бүрийг энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, зөв үзэлтэй, эрдмийн үнэтэй хувь хүн байгаарай хэмээн ерөөл өргөв. Эрдмийн баярын арга хэмжээнд МБШИС-ийн удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийн гэр бүл, найз нөхөд, зочид төлөөлөгчид оролцлоо. МБШИС-ийн шинэ төгсөгчид өнөөдөр өөрийн эрдэм мэдлэг, ёс суртахууны дархлаагаар нийгэмдээ гараагаа эхлүүлж байна.