Зөрчилд холбогдогч Т.Г нь 2024 оны 10 сарын 11-ний өдрийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өгөхдөө тэмдэглэсэн саналын хуудасныхаа зургийг гар утсаараа авсан зөрчилд холбогджээ.
Дээрх зөрчилд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Т.Г-д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан.
Зөрчилд холбогдогч Т.Г-ийн гомдлоор Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хянаад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийг зөв гэж үзсэн.
Зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч гомдлоор Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад холбогдогч Т.Г нь оюутан, цалин болоод орлогогүй байдлыг нь харгалзан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан 10,000 000 төгрөгийн торгох шийтгэлийг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлнө.
Сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчлүүдэд торгох шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх болон нэмэгдүүлэх зохицуулалт үйлчлэхгүй харин торгох шийтгэлийн 10,000 000 төгрөгийг шүүхээс тогтоосон нэг жилийн хугацаанд биелүүлээгүй бол Цагдаагийн эрх бүхий ажилтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүх шийдвэрлэнэ.
Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30 дахь хэсгийн 30.2-т “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулсан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгоно” гэж торгох шийтгэлээс өөр төрлийн захиргааны шийтгэлийн төрөлгүйгээр хэм хэмжээг нь хатуу тогтоож улмаар нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэжээ.