Dark Light
Нийгэм | 2025-06-19

ЭМГЭНЭЛ: ЧИМЭДЦЭРЭНГИЙН ГАН-ӨЛЗИЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын ШУА-ийн  Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, академич, нэрт философич, сурган хүмүүжүүлэгч, Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, бидний эрхэм хүндэт багш Чимэдцэрэнгийн Ган-Өлзий өвчний улмаас 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, философийн  ухааны салбарт хүнд гарз тохиолоо.

  Тэрбээр ХVI жарны усан могой жил Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төрсөн.

  • 1971 онд Биндэр сумын бүрэн дунд сургууль,
  • 1972 онд МУИС-ийн герман хэлний бэлтгэл ангийг төгсөөд
  • 1972-1975 онд цэргийн алба хаажээ.

Тэрбээр

  • 1980 онд МУИС-ийн философийн ангийг философич, нийгэм судлалын багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Москва хотод Нийгмийн Ухааны Академид суралцаж, 1990 онд "БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал" сэдвээр философийн ухааны доктор (Рh.D),
  • 2008 онд Монгол Улсын ШУА-ийн дэргэдэх шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд  "Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол" сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
  • 1997 онд Монгол Улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөлөөс түүнд профессор цол хүртээсэн байна.

Доктор Ч.Ган-Өлзий: 

  • 1980-1987 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
  • 1990-1992 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөх
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, төрийн эрх барих дээд байгууллагад түмнээ төлөөлөн нэр төртэй, идэвх зүтгэлтэй ажилласан юм.

Профессор Ч.Ган-Өлзий

  • 1996-2000 онд Улс төрийн дээд сургууль, Их засаг их сургууль, Хан-Уул дээд сургуульд  багш,
  • 2006 оноос эдүгээ хүртэл ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан байв.

Тэрбээр 2010 оноос эхлэн ШУА-ийн Нийгмийн ухааны ба хүмүүнлэгийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.

 Философич Ч.Ган-Өлзий орчин үеийн шинжлэх ухааны ололт, арга зүйн үндэслэл, эргэцүүлэл, философийн танин мэдэхүйн тулгамдсан асуудал, иргэний нийгмийн онол, практик, нээлттэй нийгэм ба ардчилсан засаглалын үзэл баримтлал зэрэг асуудлыг задлан шинжилж,  эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол 24, сурах бичиг 6, эрдэм шинжилгээний ном, товхимол, хамтын бүтээлийн бүлэг зүйл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийт 200 гаруйг бичиж туурвисны зарим нь орос, хятад, англи, солонгос хэлээр хэвлэгджээ.

Тэрбээр Декарт, Хайддеггер, Манеев, Зиммель, Блок, Ю.Хабэрмас, Клаус Хельд нарын философийн шилдэг бүтээлүүд, Р.Вольфын “Философийн тухай” сурах бичгийг гадаад хэлнээс  орчуулан хэвлүүлсэн билээ.

Ч.Ган-Өлзий шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шагналыг

  • 2011 онд “Хүмүүнлэгийн гурван ертөнцийн гоц чанарыг судлахуйн чандмань эрдэнэ”,
  • 2016 онд “Шинжлэх ухааны философийн зарим асуудал”  бүтээлээрээ хүртсэн.

Сүүлийн жилүүдэд түүний эрдэм оюуны чадавх, бүтээлч, хөдөлмөрч чанар улам тодорч олон бүтээл турвисны дотор

  • 2019 онд “Тогтвортой хөгжил: Нийгмийн шударга ёсны философи”, Тогтвортой хөгжилд чиглэсэн үйлийн боловсролын философи”,
  • 2020 онд Орчлонгийн нууцыг тайлахуй”,
  • 2022 онд “Чингис хааны үеийн Монгол философи”,
  • 2024 онд  “Монгол философийн тайлал зүй” хэмээх томоохон бүтээлүүд нь хэвлэгдэж уншигч олны хүртээл болсон билээ.

Доктор, профессор Ч.Ган-Өлзий 2022 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртсэн манай тэргүүлэх эрдэмтэн юм.

Төр засгаас түүний парламентын хөгжил, боловсрол, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж,

  • 2008 онд Алтангадас одон,
  • 2016 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,
  • 2025 онд Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.  

Академич Ч.Ган-Өлзий Таны шинжлэх ухаан, боловсролд оруулсан их хувь нэмэр,  хөдөлмөрч нямбай, үнэнч шударга, дайчин эрэмгий зан чанар, гэгээн дүр бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно. 

 МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14