Элсэлтийн ерөнхий шалгалт энэ цаг үед зохион байгуулагдаж байна. Жил жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчид өгч, хүссэн сургуульдаа морддог сайхан уламжлалтай. Энэ удаа ч гэсэн хүсэлт гаргасан 19 хугацаат цэргийн алба хаагч Дорнод аймагтаа элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна.
Тухайлбал, дэд түрүүч Б.Отгонбаяр монгол хэл, математик, нийгмийн ухаанаар өөрийгөө бэлтгэж, ҮБХИС-д ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцах чин хүсэлтэйгээр шалгалтаа өгч байна. Түүнийг энэ мэргэжлийг хүсэл мөрөөдлөө болгоход нь салааны захирагч дэслэгч Э.Баянхүү нь чухал нөлөө үзүүлж. Салааны захирагчийнхаа сахилга баттай, үлгэр жишээ байдлыг нь даган дуурайж, эзэмшсэн мэргэжлээр нь ч суралцах зорилго тээсэн гэнэ.
Байлдагч А.Мөнх-Эрдэнэ мөн адил монгол хэл, математик, нийгмийн хичээлүүдээр шалгалт өгч ШУТИС-д инженерээр суралцахаар бэлтгэжээ. Цэргийн алба хаах хугацаандаа англи хэл, монгол бичиг, жолооны дамжаа болон мэдээлэл технологийн нэмэлт сургалтуудад хамрагдсан нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд ихээхэн дэм болж буйг тэрээр онцолж байв.
Мэдээж түрүүч, байлдагч нар элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд бүх талын дэмжлэг үзүүлсэн ангийн удирдлага, рот, салаа салбарын дарга нартаа баярлаж буйгаа илэрхийлэхийн ялдамд хүссэн сургуульдаа орохын төлөө хичээж байгаагаа ч уламжилж байсан юм.
Дэслэгч П.ЗОЛЖАРГАЛ