Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов.
Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Өнөөдөр эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэг маргааш мөн үргэлжилнэ.
Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хорооны Засаг дарга бүр тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг ярьж байна. Жишээлбэл, явган хүний зам, авто зам, орон сууцны засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины зогсоол, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна. Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага. Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.
Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг
Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга Ц.Одонтөгс “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны анхан шатны нэгж хороонд иргэдийн амьдралд ямар асуудал тулгардаг, асуудлыг хэрхэн шийдэж болох санал бодлыг хороодын Засаг дарга нараас сонсдог болсон. Үүний үр дүнд хороондоо тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, шийдлээ хуваалцлаа. Жишээлбэл, барилгын зөвшөөрөл олгох асуудал ихэвчлэн нийслэлийн түвшинд очоод гацдаг тал бий. Үүнд хариултыг цаг тухайд нь өгдөг байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийг хариуцлагажуулах зэрэг асуудлыг санал болгож ярилаа. Олон шат дамжлагагүй шууд ингээд асуудлаа нийтээрээ ярьж байгаа нь бидний хувьд их амар байна. Манай хорооны хувьд орон сууцны хороолол ихтэй. Хүн амын даац хэтэрсэн. Нэмж барилга барих боломжгүй. Гэтэл барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг. Энэ асуудалд зөвхөн манай хороо төдийгүй нийслэлийн хэмжээнд анхаарах хэрэгтэй. Хорооны Засаг дарга аж ахуйч байх ёстой. Үйл ажиллагаагаа хэтийн төлөвөөр нь харж, өнөөдөр ААН-үүдтэй тулж харилцаад шийдэх боломжтой зүйлийг заавал улсын төсөвт үргүй зардал гаргахгүйгээр хамтарч ажиллахаар боллоо” гэв.
Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Т.Гантөгс “Хороод дээр тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжлээд явж байна. Нийслэлээс урьд өмнө нь ингэж хороодуудтай харилцан уялдаатай ажиллаж байгаагүй. Ингэж ажиллах нь маш их үр өгөөжтэй. Манай хорооны хувьд гэр хорооллын хороо. 2600 өрхтэй. Гэр хорооллын хороодын хувьд нийтлэг тулгамддаг асуудал хорооллын дундах авто зам, явган хүний зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж орчин нөхцөл сайжирна. Эдгээр чиглэлд нийслэлээс анхаарч, төлөвлөлтүүд хийж байгаа. Цаашид ч илүү анхаарч, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна
Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга О.Энхцэцэг “Нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгж хороодын Засаг дарга нарын буюу иргэдтэй тулж ажилладаг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа уялдуулж байгаа нь ихээхэн сайшаалтай. Нийслэлийн Засаг даргаас төсвийг шийдэж, тулгамдаж буй зарим асуудлаа хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломж бүрдсэн. Манай хорооны онцлог нь алслагдсан гурван дүүрэгт Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутаг оршдог. Тиймээс амрагч, жуулчид олноор зорчиж, амардаг учраас нэгт, хогны асуудал, хоёрт, нийтийн тээвэр хол зайтай явдаг, гуравт, авто зам засвар, арчилгааны асуудал тулгамддаг. Авто замгүй хэсгүүд, даваа, гүвээгээр иргэд их зорчдог тул шороо, тоос босох зэрэг амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл зөрчигдөж байна” хэмээн санал бодлоо илэрхийллээ.
Цаашид нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга нарын уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар хотоо эрчимтэй хөгжүүлэхийн тулд уулзалтыг тогтмол зохион байгуулна.