2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийслэл болон хоёр аймагт нийт 3 газар ой, хээрийн түймэр гарч, Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Баруун Ширээтийн оргил орчимд гал гарч байна гэсэн дуудлага 16:50 цагт иржээ. Тус дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, 17:58 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын I багт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага 18:05 цагт ирсэн байна. Гал түймэрт Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 болон 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Тэргийн гол” гэх газарт мөн түймэр илэрчээ. Энэ нь “firms.modaps.eosdis.nasa.gov”, “icc.mn” сайтуудаар дамжуулан илэрсэн ба аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагууд түймрийн голомтуудад шуурхай ажиллаж байгаа бөгөөд иргэдийг ой, хээрийн бүсэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.