“Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зусланд үүссэн нөхцөл байдлын талаар Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: Өглөөнөөс хойш БОЭТ-ийн бүх өрөөгөөр явж эмч нартай уулзлаа. Өнөөдрийн байдлаар БҮЭТ-д 45 хүүхэд эмчлүүлж байна. Сувилалд 115 хүүхэд байна. Мэдээллүүд байнга хөдөлж байгаа. Бид 2 цаг тутамд мэдээлэл авч нягталж байна. Найрамдлын эрдэнэс зуслангийн ариутгасан байранд цоо эрүүл 76 хүүхдийг үлдээсэн. БОЭТ-ийн халдвартын тасагт 19 хүүхэд байсан. Манай хүмүүжүүлэгч багш, Улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн гээд нийт 58 хүн бий. Өчигдөр хүүхдүүдээс хоёр удаагийн асуумж авч, шинжилгээ авч, хүүхдүүдийг гурав хуваасан. Бүх эцэг эхчүүдтэй холбогдох арга хэмжээг шуурхай авсан. Зовуурь тод байгаа хүүхдүүдийг эхний ээлжид БОЭТ-д хуваарилсан. Зовуурь эхэлж байгаа 117 хүүхдийг сувилалд хуваарилсан. Зусланд үүссэн асуудлаас үүдэн хамгийн түрүүнд эцэг эхчүүдээсээ уучлалт гуйж байна. Бидний зүгээс нэн тэргүүнд халуурч байгаа хүүдхүүдэд яаралтай эмчилгээ хийх, зовуурьтай байгаа хүүхдүүдээ байнгын хяналтад байлгах, эрүүл хүүхдүүдээс магадгүй зовиур илрэх магадлалтай учраас хяналтад байлгах арга хэмжээг авсан. БОЭТ-д өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөх ажиллаж зөвлөгөө өгсөн. ХӨСҮТ-тэй хоёр удаагийн дүрст ярилцлага хийж БОЭТ-ийн эмч нар зөвлөмж авсан. Бүх хүүхдүүдийн эцэг эхтэй утсаар холбогдсон. Аймагт мөн хурал болж байгаа. БОЭТ-ийн ерөнхий эмч Наран-Эрдэнэтэй хамт уулзъя гэж бодож байна. Эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсоно. Үйлдвэрийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Цаашдаа ч авна. Холоос ирсэн хүүхдүүд байгаа байх. Тэдний эцэг эхчүүдтэй уулзаж ярилцана.
-Зуслангийн нөхцөл байдлыг та харсан байх. Яагаад хүүхдүүдийг нэг өрөөнд 14-15-аар байрлуулсан юм бэ. Цаашдаа ийм нөхцөл байдалтай байх уу?
-Өчигдөр бид Найрамдлын эрдэнэс зусланд ажилласан. Найрамдлын эрдэнэс зуслан Булган аймгийн нутаг дэвсгэрт байрладаг учраас Булган аймгийн эрүүл мэндийн төвөөс мөн төлөөлөл цуг ажилласан. Гол асуудал хүүхдүүдээ хуваарилах байсан. Нэг өрөөнд хүүхдүүдийг олноор нь байрлуулсанд би өөрөө ч гайхсан. Хамгийн том өрөөндөө л 12 хүүхэд байлгах ёстой. Эцэг эхчүүд манай хүүхэд найзтайгаа явж байгаа. Нэг өрөөнд цуг оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд нэлээд ирдэг. Тэр тохиолдолд орыг шахаад байрлуулдаг. Хүүхдүүд ч өөрсдөө ороо нийлүүлээд унтдаг гэсэн. Хоёрдугаарт, хогны савны асуудал. Бүх хогны савыг хураасан байсан. харамсалтай нь хогны савыг эвддэг, хагалдаг гэх асуудал ярьсан. Хогны савнууд эвдэрсэн дараагийнхаа авч амжаагүй гэх тайлбар хэлсэн. Хар уутанд хийгээд өдөрт хоёр удаа хогоо авдаг гэсэн. 12 хүүхдийн өрөөнд нэг ор нэмээд нэг хүүхэд нэмж орсон. 14 дэх орон дээр хүүхдүүд юмаа овоолж тавьсан байна лээ. Хүүхдүүд өөрсдийнхөө хүсэлтээр орчихдог. Манай охин өмнөх ээлжид амарсан. Маргааш манай хүү ангиараа явах байсан. Ангиараа нэг дор байрлах сонирхол хүүхдүүдэд их байдаг юм байна. Мэдээж хэрэг засвар хийсний дараа бид явж үзэж байсан. Тэглээ гээд өөрсдийгөө өмөөрч байгаа зүйл биш.
-Амрагч хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирлоо. Хохирлыг яаж барагдуулах вэ?
-Зуслангийн нэг ээлжийн үнэ энэ жил 540 мянган төгрөг болсон. Үүнд судалгаа хийсэн. Найрамдал зуслангийн үнэ 640 мянга. Түүнээс 100 мянган төгрөгөөр багасгасан. Зуслангаас ямар нэгэн ашиг байдаггүй. Бусад нийгмийн цехүүдээс татаас авдаг. Нийгмийн хариуцлагын үүднээс том жишээ болж явдаг. Нийгмийн цехүүдийн орлогын 5-7 хувийн ашгийг зарцуулдаг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ гэвэл хүүхдүүдийн хоол унд, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг зүйлсэд зарцуулагддаг. Хүүхдүүдийн шинжилгээний хариу бүрэн гараагүй байна. шинжилгээний хариу бүрэн гарсны дараа дараагийн ээлжийг авах үгүйгээ шийднэ. Эхний ээлжид хүүхдүүдийн төлбөрийг буцааж өгнө. Дараа дараагийн арга хэмжээг шат дарааллаар авна.