Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын хамтарсан экспедицийн хоёр дахь ээлжийн цувраа Халх голын байлдааны талбарт 6 дахь өдрөө ажиллаж байна. Хамтарсан экспедицийн малтлага, илрүүлгийн талаар тус экспедицийн Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэрээс тодрууллаа.
Хамтарсан экспидец малтлага хийж буй 6 хоногийн хугацаанд 10.8 км/кв талбайд хайгуул явуулан 50 гаруй орос цэргийн шарил, 14 япон цэргийн байршлыг илрүүлээд байна. 140 гаруй цэгт малтлага хийгдэж 90 гаруй хээрийн музейн олдворыг олборложээ. Энэ үеэр ОХУ-ын талын экспедицийнхэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, “АКА” брэндийн металл хайгчийг бэлэглэжээ.
Хамтарсан экспедицийн бүрэлдэхүүний талаар тодруулахгүй юу, Монгол Улс болон ОХУ-ын талаас хэдэн хүн оролцож байна вэ?
Энэ удаагийн хамтарсан хайгуулын экспедиц өмнөх хайгуулын талбайд дахин хайгуул хийхээс гадна хэд хэдэн онцлогтой газар орныг сонгож хайгуулын үйл ажиллагааг явуулна. Ремизовын өндөрлөгийн районд 9.5км/кв, “Хилчин” өндөрлөг гэж нэршиж буй хилчин дайчдын хөшөөний районд болон “Хуруу” өндрийн районд хайгуулын ажиллагааг явуулж байна. Нийт Халх голын байлдааны талбар дахь хайгуулыг 9 дүгээр сарын 5-12-ны өдрийг дуустал найман өдөр явагдана.
Энэ удаагийн хамтарсан экспедицийн бүрэлдэхүүнд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, ҮБХИС, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги болон ХХЕГ, ШШЕГ, ЦЕГ-ын орон нутаг дахь салбар байгууллагуудын нийт 140 гаруй бүрэлдэхүүн оролцож байна. ОХУ-ын талаас Москвагийн Санхүү эдийн засгийн Их сургуулийн хайгуулын отрядаас нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй Цэргийн археологийн мэргэжилтнүүд ажиллаж байна.
Энэ удаагийн малтлагын онцлогийн тухайд?
Гол онцлог нь ОХУ-ын талаас цэргийн археологийн мэргэжилтний оролцох бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж, хайгуулын багаж хэрэгслийг сүүлийн үеийнхнээр нь чадавхжуулсан явдал юм. Мөн экспедицийн бүрэлдэхүүний ажиллаж амьдрах аюулгүй байдлыг хангах тал дээр өмнөх үеэсээ илүү сайжруулсан давуу талууд бий. Хээрийн халуун ус, сансрын интернэт төхөөрөмжийг байршуулсан зэргээр нэмэгдсэн.
Амь үрэгдсэн дайчдын шарилын олж илрүүлсний дараагаар ямар арга хэмжээ авч байна вэ?
Амь үрэгдсэн дайчдыг олж илрүүлж гаргаж авсны дараагаар хээрийн цэргийн археологийн лабораторийн анхан шатны шинжилгээ хийж, бүртгэлжүүлдэг. Мөн гавлын ясанд 3D сканер зураг авалтыг хийж дүрс ургуулдаг. Энэ нь тухайн шарилыг хэн болохыг тогтоох анхан шатны ажил юм.
Энэхүү хамтарсан хайгуулын экспедицийн ажил цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Хоёр орны хамтарсан хайгуулын үйл ажиллагааг Монгол, Орос, Япон, Хятад Улсын хамтарсан болгож өргөтгөхийн зэрэгцээ Чөлөөлөх дайны 100 жил хүртэл үргэлжлүүлэн жил бүрийн хавар, намар гэсэн үечлэлтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Улсын хилийн бүсэд ажиллах түр дэглэмийг бий болгох тал дээр санал дэвшүүлэх бэлтгэл ажлыг мөн хангаж байна. Түүнчлэн дайчдын шарилыг илрүүлэх үйл ажиллагааг алгуурлаж үл болох нэг хүчин зүйл бол хэн болохыг тодорхойлоход тухайн шарилын чанар байдал байдаг.
Малтлагын үед илэрсэн сонирхолтой түүхийн баримтуудаас хуваалцахгүй юу?
Малтлагын явцад олдож буй шарил болгон өөр өөрийн онцлогтой. Түүнээс дурдвал эхний хамтарсан экспедицийн ажлын явцад нэгэн ахмад дайчин залуу алба хаагчийг ямар нэгэн аюулаас хамгаалах зорилгоор дээрээс нь өөрийн биеэр дарж хэвтсэн байдал байсан бол энэ удаагийнх нь буугаа цэнэглэж буй явцдаа амь үрэгдсэн байдалтай олдсон нэгэн шарил юм. Тус буунд үлдсэн сүүлчийн сум байсан нь тулаан хэрхэн өрнөлтэй байсныг илтгэнэ.
Эх сурвалж
| Хуурай замын цэрэг
|