Монголчуудын доллар олох чадвар, доллар үрэх чадвартайгаа харьцуулахад хавьгүй сул. Дэлхийн зах зээлд гаргаж валют олдог бүтээгдэхүүн гэхээр нүүрснээс өөр бараг нэрлэж чадахгүй. Олсон хэдэн ам.доллараа өрөө дараад, хэрэглээндээ чүү ай хүргээд, үлдсэнийг нь буцаагаад гадагшаа гаргачихдаг. Ингэхээр дотооддоо шингэж үлдэх валют ховор, харин гарч буй хэмжээ нь орж ирснээсээ их учраас ханш тогтворгүй байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, дотоодын зах зээлдээ доллар эргэлдүүлдэг компани, хувь хүн цөөн байгаа нь энэ асуудлыг улам гүнзгийрүүлж байгаа юм.
Нүүрс, зэс зэрэг уул уурхайн түүхий эдийн үнэ савлахтай зэрэгцэн төгрөгийн ханш ч шууд хөдөлдөг. Жишээ нь, 2024 оны хоёрдугаар хагаст нүүрсний үнэ унаснаар долларын ханш өссөн. Түүхий эд гэдэг зүйл мөчлөгтэй нэг өсөөд, нэг унана. Үнэ унах үед бид өөр зүйлээр гадаад валют олох боломжгүй тул төгрөгийн ханш заавал савлаж байна. Харин хэрэглээ тасралтгүй өссөөр. Машин, брэндийн бараа, гадаадын тансаг хэрэглээ эрэлттэй хэвээр. Тэгэхээр орлого буурах мөчид төгрөг сулрах нь тодорхой.
Ханшийн уналт эцэстээ айл өрхийн төсөвт хүчтэй цохилт өгдөг. Цалин төгрөгөөр орж ирдэг ч хэрэглээний ихэнх нь ам.доллар дагадаг. Үр дүнд нь худалдан авах чадвар буурч, өр зээл нэмэгдэнэ. Өнөөдөр өрнөөс өрний хооронд амьдарч буй иргэдийн тоо өсөж, цалин хүрэхгүй байдал улам гаарсаар байна.
Энэ нөхцөлд Монголбанк уул уурхайн компаниудаас орж ирсэн долларыг зах зээлд нийлүүлж, ханшийн огцом савлагааг зөөлрүүлэхээс өөр аргагүй. Харин ханшийг тогтвортой барих суурь бодлого нь Засгийн газрын үүрэг. Тэд уул уурхайгаас өөр салбарыг дэмжиж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээр экспорт нэмэх ёстой.
Ойрын хугацаанд хамгийн хурдан гарц нь уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөх. Дунд хугацаанд өрсөлдөх чадвартай салбаруудаа татвар, дэд бүтэц, бодлогоор дэмжих хэрэгтэй. Харин урт хугацаанд шийдэл нь боловсрол. Монгол хүүхдүүдээ зөвөөр сургаж, мэдлэг, ур чадвартай болгохгүй бол валютын хомсдол, ханшийн савлагаа хэзээ ч арилахгүй.
Эцэст нь, бид дотооддоо үйлдвэрлэл босгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бий болгож чадвал импортын урсгал багасч, экспорт нэмэгдэнэ. Тэгснээр доллар дотроо эргэлдэж, төгрөгийн ханш чангарах боломжтой. Хамгийн гол нь “өөрсдөө юм хийж чаддаг болох эсэх” дээр бүх зүйл тогтож байна.