Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Төр, төсөв төвтэй эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай
Ирэх оны хувьд инфляцын зорилтоо 5 хувьд хүргэх нь. Валютын ханш болон төсвийн эрсдэл байгаа учраас хүүний түвшин дээр бодитой зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байна. Мөнгөний чөлөөт урсгал бүхий эдийн засагт гарах урсгал илүү давамгайлж байгаа юм байна гэж харж байна. Төсөв, мөнгөний бодлогын уялдаа гэдэг нь макро эдийн засгийн зорилгодоо хоёул тэмүүлсэн байх тухай л асуудал. Минийхээр макро эдийн засгийн зорилгодоо тэмүүлсэн байна гэдэг нь өнөөдрийн Монголын эдийн засгийн орчинд нэгдүгээрт, төсвийн хүчтэй хумих бодлого явуулах. Эдийн засгаа тэлсэн татварын бодлого явуулах, бага орлоготой, жижиг гэхээсээ илүү Монголын эдийн засагт нөлөөтэй томоохон аж ахуйн нэгжүүдээ илүү томруулах. Монголын эдийн засагт хийж бүтээж буй иргэдээ дэмжих, хийж бүтээхгүй байгаа иргэдээ хийж бүтээхэд дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, урамшуулах, хавтгайрсан халамжаасаа татгалзсан бодлого руу бид дунд, урт хугацаандаа шилжих шаардлагатай. Ингэснээр нөгөө талдаа мөнгөний бодлого, бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулж эдийн засгийг харьцангуй чөлөөт мөнгөн урсгалаар нь тэтгэх боломж бүрдэх юм. Ингэж байж, бид инфляцаа бууруулна. Мөнгөний бодлогын хүүг бууруулахад гол нөлөөлж буй хүчин зүйл нь яах аргагүй инфляц мөн. Тийм учраас эдийн засгийн бодлого, эдийн засгийн хөгжлийн загвараа эргэн харах шаардлагатай. Өнөөдрийг хүртэл бид төр төвтэй, төсөв төвтэй, төр бүх зүйл рүү хэт оролцсон эдийн засгийн бүтэцтэй яваад байна. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүд томордоггүй, татвар төлөгчдийн тоо нэмэгддэггүй. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд инерцээрээ төлж байгаа татвар нь нэмэгдэж байгаа боловч эдийн засаг, бизнесийн шинэ орон зай бий болж, тэлж өгөхгүй байна. Ийм л эдийн засагтай болчхоод байна. Үүнийг засах ёстой.
Эдийн засагч Н.Ууганбаатар: Төв банк олон нийтэд илүү нээлттэй болох, мэдээллийн давтамжаа нэмэгдүүлэх нь маш зөв шилжилт болно
Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр нэг чигт харж хараахан чадахгүй л байна уу гэж харсан. Засгийн газар 2026-2027 онд эдийн засаг жаахан хөрөлттэй байх юм байна, тийм учраас өсөлтөө дэмжихийн тулд төсвийг алдагдалтай батална гэдэг зүйлийг ярьж байгаа. Нөгөө талд нь Төв банкны мөнгөний бодлогын хорооны шийдвэрүүд, ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг харвал, эдийн засаг тэгж их хөрсөн зүйл байхгүй байна. Эдийн засаг ковидын үед огцом хөрсөн, ковид дуусаад огцом халсан. Одоо ерөнхийдөө дундаж температуртаа оччихсон байна шүү. Одоо бидний гол тооцох ёстой зүйл нь хүлээгдэж байгаа зарим нэг шокууд, мөн бидний мэдэхгүй байгаа зарим нэг тодорхой бус байдлуудыг тооцоонд оруулаад харвал, эдийн засгаа тэгж их тэлээд, дэмжээд байхаар нөхцөл байдал үүсэхээргүй байна гэдэг ерөнхий дүр зураг харагдаж байгаа. 2026 оны хувьд гадаад орчны эдийн засгийн тодорхой бус байдлын талаар их ярьж байна. Үүн дээр нэг зовлон нь юу гэхээр ханшийг төв банканд наах гээд байдаг. Гэтэл бид доллар хэвлэж чадахгүй шүү дээ. 2025 онд бол тодорхой бус байдал нь тодорхой байсан. Яагаад гэвэл сонгуулийн цикл явагдаж байсан. Трамп гарч ирвэл тариф, татварын бодлогыг өөрчилнө гэдэг ерөнхий чиг баримжаа байсан. Тэр бодлогын хэмжээ хүлээлтээс өөр, илүү өргөн байсан л даа. Харин 2026 онд тодорхой бус байдал нь тодорхой бус байна. Юу болох вэ гэдэг нь улам л тодорхойгүй байна. Трампын тарифын бодлогуудын эсрэг Европын холбоо, Энэтхэг зэрэг улсууд хариу блок тавиад эхэлсэн. Энэ бүгд нь дэлхийн худалдааны нийлүүлэлтийн сүлжээнд суурь хэмжээний өөрчлөлт авчрах вэ, тэр нь хэзээ тодорхой болох вэ. Гэх зэргээр харвал, олон улсын түвшинд юу болох нь тун тодорхойгүй байна. Энэ нөхцөлд Төв банк гэлтгүй Монгол Улсын хувьд аль болох консерватив хандаж л явах нь чухал байна. Төв банк ер нь аливаа асуудалд консерватив хандаж ирсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн танилцуулгаас харахад нэг онцлог нь мөнгөний бодлогын талаар олон нийтэд мэдээлэх давтамжаа нэмэгдүүлэх, мэдээллийн хэлбэр дээр илүү анхааръя гэж байгаа юм байна. Энэ маш зөв шилжилт болно. Төв банк эдийн засагтайгаа, ард түмэнтэйгээ илүү ойр байж, тэднээс кредит авдаг байх нь маш зөв.
Эдийн засагч Л.Отгонтуяа: Төсвийн зардал ДНБ-ий 25 хувиас хэтрэх үед инфляцад дарамт үүсгэдэг судалгааны үр дүн бий
Төв банкны зүгээс мөнгөний бодлогын зорилтот үр дүнг хангахад төсвийн бодлого чухал нөлөөтэй байгааг сүүлийн жилүүдэд их хэлж байгаа. Мөн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэхдээ ч энэ талын асуудлыг нэлээд сайн тодруулж ярьдаг болсон. Мөнгөний бодлогын хэрэгжилтэд төсөв хэрхэн нөлөөлж байна вэ гэхээр төсвийн зарлагын хэт их тэлэлт болдог. Манай төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдэд ч бий. Мөн гаднын судлаач Кларкийн тооцооллоор төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 25 хувиас дээш гарахад инфляцыг өдөөдөг гэсэн судалгааны үр дүн бий. Манай улсын хувьд төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь 30 гаруй хувьтай байна. Энэ нь эдийн засгийн нийт нөхцөл байдал, ялангуяа мөнгөний бодлогын үр дүнд нөлөөтэй байна гэж үзэж байгаа. Төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц дор хаяж 1 нэгж хувиар нэмэгдэх хандлагатай гэж үздэг. Мөнгөний бодлогын танилцуулгад дурдсанаар олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагууд цаашид Монгол улсын зээлийн зэрэглэлийг тогтвортой байлгахад төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлах, тогтвортой байлгах, төсвийн тогтворжуулалтын сан, хуримтлалын санг идэвхжүүлэх нь чухал гэдэг саналуудыг хэлж байна. Тэгэхээр бид төсөв, мөнгөний бодлогынхоо аль алиных нь нийцлийг харж байх шаардлагатай. Төлбөрийн тэнцэл алдагдалтай үед төсвийн алдагдал үүсэх нь эдийн засагт маш том эрсдэлийг дагуулж байдаг. Тэгэхээр энэ талаасаа ч бас Төв банк, Засгийн газар эрсдэлийг анхаарч үзэх хэрэгтэй. УИХ ч бас аль аль бодлогыг баталж байгаагийн хувьд энэ талын бодлогыг анхаарах хэрэгтэй болов уу.
Эх сурвалж
| Монголын мэдээ сонин
|