Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн завсарлагааны үеэр Н.Э-гийн гарт амиа алдсан хохирогчийн ээж П.Найгалмаагаас тодрууллаа.
Хохирогчийн ээж: Үр хүүхдээ бодохгүй. Бодож байсан бол яах гэж ээжийг нь алав. Миний мэдэхийн энэ хүн 18 жил охиныг минь дарамталсан. Том хүү нь 18 настай. Үнэхээр хэцүү байсан. Одоо эргээд бодоход биднийг хамт дарамталж байжээ. Яагаад гэхээр хүүхдүүдийг нь бидэн рүү явуулахгүй. Өөрийг нь явуулахгүй. Охин минь бидэн дээр ирэхээр, ажил руугаа очихоор Энхбат байнга залгана. Залгахаар нь охин минь чичирч салгалаад, ярьж чадахгүй бидний хажуугаас холдож байгаад ярьдаг. Маш их дарамттай байсан. Энэ дарамтаасаа болоод арга ядаад салахаар шийдсэн.
-Сая өмгөөлөгч асуусан шүү дээ. Та хохирогчид болон хүүхдүүддээ хайртай байсан уу? гэж асуухад би маш их хайртай гэж хариулсан. Үүнийг нь та юу гэж бодож байна вэ?
-Тэр бол жүжиглэлт. Ер нь их жүжигчин хүн. Дандаа худлаа ярина. Би эхэндээ шүүх хуралд сууж байгаад өөрийгөө өмөөрч худлаа мэдүүлэг өгөөд байхаар нь даралт ихсээд гараад ирлээ. Сууж чадахгүй боллоо. Ер нь алуурчин, хүчирхийлэгч ийм л байдаг юм байна. Хүчирхийлсээр байгаад сүүлдээ болдог юм байна гэж явсаар байгаад амийг нь авчихлаа шүү дээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ.
-Үүнд хамгийн эмзэг асуудал хүүхдүүд байна шүү дээ. Том хүү ээжийгээ бодохоор аавдаа гомдоод, аавыгаа бодохоор бас гянданд явуулж чадахгүй хамгийн хэцүү байдалд байх шиг байна?
-Хүү багаасаа аавдаа зодуулсан. Өөрөө ч хэлж байна. Би маш олон жил аавын зодуур дарамтад өссөн. Аавыгаа аав гэж хэлмээргүй байна гэж ярьдаг байсан. Энэ алуурчны эгч нар нь хүүхдүүдэд хувцас хунар авч өгнө гэж наймдугаар сард дагуулж яваад, толгойг нь эргүүлээд өөрсдийнхөө талд авъя гэж ярьсан юм уу, яасан юм. Хүүгийн санаа өөрчлөгдөөд байгаад гайхаад байна. Хүүгийн дүү нь настай охин байгаа. Тэр охиноо хүртэл маш их дарамталдаг. Амиа хорлох юм сан гэж хүртэл ярьдаг байсан гэж байна. Биднээс хол хөндий өсгөсөн. Бараг гэртээ оруулахгүй шүү дээ. Орох юм бол танай аав, ээж яах гэж яваа юм. Яах гэж гэртээ оруулсан юм гэдэг. Бид охиноо зовоохгүйн тулд аяыг нь хараад байж байсан. Сална гэхээр нь ашгүй минь, салаад яс амрах байх гэтэл ийм зүйл болчихлоо. Яах ийхийн зуургүй. Үнэхээр харамсалтай байна. Би юм ярьж чадахгүй нь... Хайран сайхан охин минь. Амьдралаа өөрөө босгосон миний охин. Энэ алуурчин ерөөсөө ажил хийдэггүй. Гэртээ хэвтчихээд л, аав ээж дээрээ орж хоол идчихээд л миний охиныг дарамтлаад хэвтэж байдаг тийм л хүн. Үнэхээр аймшиг. Би ч хүртэл сүүлдээ харахаар айдаг. Тэрнээс тусдаа амьдарч байгаа хүн мөртлөө би хүртэл харахаараа айдаг. Аав ээж нь хүртэл адилхан тийм хүчирхийлэлд автчихсан байна шүү дээ. Тийм ээ. Тэгж зүтгэсээр байгаад миний охин өөрөө амьдралаа босгосон.
-Анх суухад нь та их эсэргүүцсэн гэсэн?
-Тийм. Солонгост жирэмсэн байхад нь утсаар их дарамталдаг байсан. Түүнийг нь мэдрээд л би их эсэргүүцдэг байсан.
-Та эргэн тойронд нь байсан хүмүүс бичлэг хийгээд хараад зогсож байсан тухай мэдээлсэн. Хүмүүст хандаж хэлэх үг байна уу?
-Хүн хүндээ л туслах ёстой байх. Миний охиныг авраарай, туслаарай гээд орилж байхад нь хараад зогсоод байсан хүмүүсийг бодохоор би гол харладаг. Амь гарах боломж байсан. Эрэмдэг ч байсан охин минь амьд байсан бол гурван хүүхэд нь өнчрөхгүй. Арайхийж гурван хүүхдээ тэндээс аваад, тусдаа гараад ирэх гэж байсан миний охин. Тэр сайхан амьдралыг хүсэж мөрөөдөөд явж байсан хүн юу гэж ийм зүйл болно гэж бодох вэ дээ.
-Хүүхдүүд нь одоо хаана байгаа вэ?
-Хүүхдүүдийг алуурчны эгч нар аваад явчихсан.
-Та бүхэн хүүхдүүдийг хаана байлгавал илүү зохимжтой гэж үзэж байна вэ?
-Эгч нь уг нь асран халамжлагчаар авъя гээд өргөдлөө өгсөн байсан. Шүүх хурлын дараа шийдэх байх.