Төсвийн хэлэлцүүлэг гэж төсвийн хэрэлдүүлэг болж байна. Төмөр хүлэг барихад ч чадвар хэрэгтэй байдаг шиг төрийн жолоо атгалцаж, төсөв бодлого хэлэлцэхэд тооны шалгалт авмаар байна.
Төсвийн хэрэлдүүлгээ түр орхиод, төрийн түшээдийг гэх үү, төрийг түшигчдийг гэх үү дөрвөн аргын тоонд сургамаар, хоцрогдол арилгах давтлагад суулгамаар асуулт цаг тутамд гарч байна. Жишээ нь, төсвийн зардлаа заавал хасахын хамт төсвийн зардлаа яг нэмнэ шүү гэж тоглосон шинж огт байхгүй, тун чиг нухацтайгаар хэлээд байна. Нэмэхдээ хасаарай, хасахдаа нэмээрэй гэж юу гэсэн үг вэ? Яг тэгсэн үг ээ сийхгүй хариулаад, сэмбийтэл сууж байна.
Нүүрс үнс болчхоогүй ч нүүрсний үнэ 2 дахин унаж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх, газрын тосны үйлдвэр, зам, 10 аймгийн цахилгаан станц барихын тулд арга буюу 1,3 их наядын алдагдал тооцсон төсвийн хэлэлцүүлэг бас төгөлдөр хэрэлдүүлэг болж байна.
Нэг жилд төсвийн алдагдлыг бүрэн нөхөх 1,3 их наяд төгрөгийн татвар төлдөг хувийн хэвшлээ, өөрөөр хэлбэл саалийн үнээгээ алж идэх поп санаачилга, хард саналууд ч гарч байна.
Төсвийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байдаг. Нэг хүний 2 минутын үг хувийн хэвшлийн татвар төлөгчдөө хураая нураая гэж эхлээд, татвар төлөгчдөө дэмжье итгэе гэж дуусаж байна.
Бүтээж татвар төлдөг нь ардын дайсан, нурааж татвар цусалдаг нь ардын баатар болоод байвал коммунизм руугаа буцаад марш. Өмнөх нийгэм рүүгээ ухраад марш гэтэл урд хөршийн Хятадын коммунист төр хүртэл хувийн хэвшлээ тултал дэмжээд, тэд нь хийж бүтээгээд, ажилгүйдэл ядуурал, аливаа асуудлаа шийдээд байдаг.
Сарын сая хүртэлх худалдан авалтад НӨАТ-ын 2%-ийн буцаалтыг 5% болгож, 1 их наяд төгрөг хүмүүсийн хармаанд нь үлдээж эхлээд, 4 их наядын татварын ачааг хөнгөлж, ардын нурууг тэнийлгээд, авлигачдын нурууг бөхийлгөхийг хүлээж байна.