Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.04.29) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “Мицүбиши” корпорацийн Тээвэр, усны дэд бүтцийн газрын Ерөнхий менежер Нагамицү Наозүми, тус компанийн Гүйцэтгэх захирал Шибата Хироюүки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Японы стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, “НУБИЭ” ХХК-д шинээр томилогдон ажиллаж буй Гүйцэтгэх захирал Шибата Хироюүкид ажлын өндөр амжилт хүслээ.
Уулзалтын үеэр талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын менежментийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай уялдуулан нэгтгэж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой талаар байр сууриа солилцлоо. Тухайлбал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах тухай болон ингэснээр нийслэлийн зорчигч урсгалын ачааллыг бууруулах, иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцлээ.
Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учруулж буй буулт, хөөрөлтийн хураамжийн асуудлыг хөндөн ярилцлаа. Мөн 2026 оноос мөрдөж эхлэх тарифын өөрчлөлт нь үндэсний агаарын тээвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн дарамт үүсгэж байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.
Иймд агаарын тээвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт, цар тахлын дараах сэргэлтийн үе шаттай уялдуулан олон улсын холын зайн нислэгийн буулт, хөөрөлтийн хураамжийг тодорхой хугацаанд тогтвортой хадгалах, эсхүл үе шаттайгаар нэмэгдүүлэх хувилбаруудыг судлан хэлэлцэх саналыг сайдын зүгээс дэвшүүлэн тавилаа.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжлийг дэмжих, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид дахин энэ чиглэлээр санал солилцож, тодорхой шийдэлд хүрэхээ илэрхийллээ.
АДМИН






Нийгэм







