Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь сүлжээнд холбогдсон 6-35 кВ-ын цахилгааны дэд өртөө, шугам, тоноглол эзэмшигчдэд үзлэгийн гэрээт үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Энэхүү гэрээт үйлчилгээ нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалт, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу тухайн цахилгааны дэд өртөө, шугам, тоноглолыг хариуцсан мэргэжлийн ажилтангүй буюу үзлэгийн чиг үүргийг хариуцах чадваргүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэн шаардлагатай юм.
Сүүлийн жилүүдэд УБЦТС ТӨХК-аас нэгдсэн журмаар жилд нэг удаа хийж буй үзлэг, шалгалтаар хаяг, бичлэг, бирк, анхааруулах плакат, цоож цуурга байхгүй, гаргалгааны кабелиуд эмх цэгцгүй, өндөр хүчдэлийн кабель муудаж хуурайшсан, трансформатор бохирдсон, тос гоожсон, трансформаторын саармаг цэгийг давтан газардуулаагүй зэрэг зөрчлүүд ихээр илэрч байна. Энэ нь цахилгааны дэд өртөө, шугам, тоноглол эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан шугам сүлжээний тоноглол ашиглалтын талаарх ойлголт багатай, ашиглалт хариуцсан мэргэжлийн хүнгүйтэй холбоотой. Хувийн эзэмшилд байдаг дэд өртөө, шугам, тоноглолуудын ашиглалтын түвшин доогуур байгаа нь зөвхөн тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжид нөлөөлөөд зогсохгүй түгээх сүлжээний найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах томоохон шалтгаан болдог.
Тиймээс УБЦТС ТӨХК нь цахилгааны дэд өртөө, шугам, тоноглол эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн компанийн үзлэгийн үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ тэдний хяналт, хариуцлагыг нэмэгдүүлж, зөрчлийг арилгуулах, болзошгүй аюул эрсдэлийг бууруулан, түгээх сүлжээний найдвартай байдлыг хангахаар зорьж байна. Гэрээт үзлэгийг сард нэг удаа, жилд 12 удаа тогтмол хугацаанд хийж, үзлэг хийгдсэн сар, өдөр, илэрсэн зөрчлийн мэдээллийг баримтжуулан, цахимаар илгээх бөгөөд нэг удаагийн үзлэгийн төлбөрийг арван мянган төгрөгөөр тооцож, цахилгаан хэрэглээний төлбөр дээр нэмж нэхэмжлэх юм.
Хэрвээ та үзлэгийн үйлчилгээг авахыг хүсвэл харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж, нэмэлт гэрээ байгуулна уу.
|
Эх сурвалж
| УБЦТС ТӨХК
|
АДМИН







Нийгэм








