Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Вьетнамын Цэргийн төв эмнэлэг, Цэргийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Цэргийн эмнэлгийн академид тус тус зочилж Вьетнамын Ардын армийн Цэргийн эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцов.
Тус айлчлалын хүрээнд Вьетнамын Үндэсний батлан хамгаалах яамны Цэргийн эмнэлгийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Нгуен Труонг Жианг-тай уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Хоёр талын өргөтгөсөн уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөр боловсруулж, харилцан туршлага судлах, эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах болон туршлагатай, өндөр ур чадвартай эмч нарыг Монгол Улсад урьж авчран ажлын байран дээрх сургалтууд зохион байгуулах зэргээр Цэргийн төв эмнэлэг болон Вьетнамын Цэргийн эмнэлгийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, толгой хүзүү, шүд, чих хамар хоолой, элэг шилжүүлэх мэс засал, хоол боловсруулах замын дурангийн мэс ажилбарын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах, эмнэлгийн ажилчид харилцан солилцох болон уламжлалт анагаах ухаан, халуун орны өвчин судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр тохиролцов.
Мөн манай хоёр улсын Зэвсэгт хүчний багууд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг нь БНСВУ-ын “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн багтай мөр зэрэгцэн ажиллаж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж буйг талууд онцлон тэмдэглэв.
|
Эх сурвалж
| Батлан хамгаалах яам
|
АДМИН








Нийгэм








