Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт гамшиг, ослын тусламж, тэтгэлэг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, хүүхдийн мөнгө, сургалтын байгууллагын тэтгэлэг зэрэг орлогоос төлбөр гаргуулж болохгүй гэж заасан байдаг.
Гэсэн хэдий ч Хүний эрхийн Үндэсний Комисст эдгээр орлогоос тэр дундаа хүүхдийн мөнгөнөөс төлбөр гаргуулсан талаарх гомдол, мэдээлэл тогтмол ирсээр байна. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хэн байхаас үл хамааран хүүхдийн мөнгө нь тухайн хүүхдэд зориулагдах ёстой. Харин төлбөр төлөгч өөрийн дансаа хүүхдийн мөнгө ордог данстайтай холбосноор хүүхдийн мөнгө төлбөрт татагдаж буй нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй байна” хэмээн онцолж, хүүхдийн мөнгөний орлогыг төлбөрт татагддаггүй байх, татагдсан тохиолдолд буцаан олгох арга хэмжээ авах шаардлагатай гэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Нямгомбо төлбөр төлөгчийн харилцах дансны зарлагын гүйлгээг хаах үед тухайн данс хүүхдийн мөнгөний орлого хүлээн авдаг эсэхийг ШШГЕГ мэдэх боломжгүй байдгийг тэмдэглээд хүүхдийн мөнгийг эцэг, эх асран хамгаалагчийн данстай холбохгүй байх нь хүүхдийн мөнгө төлбөрт татагдахаас урьдчилан сэргийлэх, мөн төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн тохиолдолд хүүхдийн мөнгө ордог дансыг хаахгүй байх боломжтой болохыг хэллээ.
Талууд энэ асуудлаар арилжааны банкнуудтай уулзалт хийж иргэнд чирэгдэл үүсгэхгүйгээр, хүүхдийн мөнгө болон хуулиар хамгаалагдсан бусад орлогоос төлбөр гаргуулахгүй байх зохицуулалтыг оновчтой, боловсронгуй болгоход хамтран ажиллахаар болов.
|
Эх сурвалж
| ХЭҮК
|
АДМИН







Нийгэм








