Компанийн товч танилцуулга
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, нүүрс олборлолт, экспортын хэмжээгээр Монгол Улсад тэргүүлэгч аж ахуйн нэгж. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн тогтвортой хөгжил нь ашигт малтмал олборлож, экспортлохын зэрэгцээ төмөр зам, авто зам, эрчим хүч, ус хангамжийн дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэхтэй салшгүй холбоотой юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү зарчмыг баримтлан “Уул уурхай-Дэд бүтэц-Аж үйлдвэрлэл” хосолсон хөгжлийн жишиг загварыг амжилттай хэрэгжүүлж байна.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Гүйцэтгэх захирал нь Компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөх, стратеги төлөвлөлт, алсын харааг тодорхойлох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах болон компанийн өдөр тутмын бусад үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
· Стратегийн удирдлага: Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уурхайн хөгжил, компанийн урт хугацааны стратеги, алсын хараа, зорилтуудыг боловсруулж, хэрэгжүүлэх;
· Санхүүгийн удирдлага: Ашигт ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд компанийн хөрөнгийн хуваарилалт, төсөв, санхүүгийн гүйцэтгэлийг хянах;
· Үйл ажиллагааны хяналт: Уул уурхайн үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний борлуулалт, экспортын үйл ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай, стандартын дагуу явуулж байгаа эсэхийг баталгаажуулах;
· Хамтын ажиллагаа: Компанийг олон улсад болон дотооддоо төлөөлөх, олон нийт, хувьцаа эзэмшигчид, Засгийн газрын албан тушаалтнууд зэрэг талуудтай харилцах;
· Эрсдэлийн удирдлага: Богино хугацааны гүйцэтгэл, урт хугацааны үнэ цэнийг бий болгох ажлыг удирдан зохион байгуулах;
· Багийн удирдлага: Удирдлагын багт манлайлал үзүүлэх, компани мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бий болгох.
НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
1. Бизнесийн удирдлага, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрх зүй, санхүү эдийн засаг, төрийн удирдлагын чиглэлээр дээд боловсролтой байх;
2. Гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
3. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
4. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх;
5. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;
6. Хамаарал бүхий этгээд төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;
7. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
8. Ял шийтгэлгүй байх.
ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
1. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын мэдлэг, туршлагатай байх;
2. Бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татаж, амжилттай удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
3. Компанийн засаглалыг сайжруулах, гүйцэтгэлийн үзүүлэлт, эрсдэлийн удирдлага болон хяналтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлагатай байх;
4. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн талаарх мэдлэг, туршлагатай байх /холбогдох олон улсын ба үндэсний стандартуудыг хэрэгжүүлж байсан бол давуу тал болно/;
5. Англи эсвэл хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
6. Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
7. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах болон харилцааны өндөр чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх.
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ 500 – 800 үгэнд багтаан тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
2. Анкет (Төрийн албан хаагчийн 2022 он, маягт №1);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаасаа тодорхойлолт авах, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
5. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
6. Иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа;
7. Ашиг сонирхлын зөрчилгүй талаар нотлох баримт, баталгааны хуудас /Нийтлэг шаардлагын 4, 5, 6 дугаар заалтын талаарх мэдэгдлийг өөрөө боловсруулан, баталгаажуулан ирүүлнэ/;
8. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт;
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа;
10. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг нотлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.
ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.
2. Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг ярилцлагын шалгалтад урина.
3. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдын материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна
4. Төлөөлөн удирдах зөвлөл хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг Гүйцэтгэх захирлаар сонгож, гэрээ байгуулна.
ТАВ. АНХААРАХ ЗҮЙЛС
1. Сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох мэдээллээ үнэн зөв ирүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах, мөн материалын бүрдэл дутуу ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзана.
2. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогчийн холбоо барих 2 ба түүнээс дээш утасны дугаарыг бичнэ.
3. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэхдээ хавсралт материалыг нэг файл болгосон байна.
4. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
5. Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барина.
6. Сонгон шалгаруулалтад оролцогч нь нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж буйг илтгэх бүхий л материалыг ирүүлж болно.
ЗУРГАА. МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ГАЗАР, ХУГАЦАА
1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл хэвлэмэл хэлбэрээр битүүмжлэн ирүүлэх (15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 102 тоот, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд) бөгөөд материалын цахим хуулбарыг enkhbold.enkhtaivan@erdenestt.mn хаягаар мөн илгээнэ.
2. Нэмэлт мэдээллийг (976) 75055555 /240/ дугаарын утаснаас авна уу.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
АДМИН







Нийгэм








