Dark Light
Нийгэм | 2025-11-08

“БАЯН ЗАМ” ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал О.Батчулуун нар “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тус холбооноос Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ.

Тээвэрчдийн холбооны зүгээс шаардлагадаа гурван асуудлыг тусгасан. Үүнд:

  • Хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг жолооч нарт олгодог болсон хэдий ч уурхайн компаниудаас 100 хувь хараат байгааг зогсоох,
  • Цөөнх болсон ААН, худалдан авагч нарт олгож буй нүүрс тээврийн зохицуулалттай заалтууд бүхий Засгийн газрын тогтоолуудыг авч хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авах,
  • Зам, тээврийн сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн жишиг тарифыг мөрдүүлж ажиллах, Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниудыг нүүрс тээврийн тендерийн ажиллагаанд хамгийн доод үнийг тогтоохыг болиулахыг хүслээ.

Уулзалтын үеэр “Баянзам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Баярхүү хэлэхдээ “Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан С зөвшөөрлийн бичгийг жолооч нарт өөрсдөд нь олгодог болсон ч худалдан авагчийн захиалгаар олгогддог тул уурхайн компаниуд С зөвшөөрлөө атгасаар байна. Мөн хилийн боомтуудаар өөрсдийн гэсэн гарцтай болсон хувийн компаниуд нүүрс тээврийн жолооч нарыг хавчин шахаж байгааг анхааралдаа авч өгнө үү” хэмээн хүслээ.

Үүний хариуд Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ “Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг өөрсдөдөө давуу байдлаар урвуулан ашиглаж буй явдлыг зогсоож, арга хэмжээ авч ажиллана. Харин жишиг тарифын хувьд зах зээлийнхээ тарифаар явахыг санал болгож байна. С зөвшөөрлийн асуудлыг дахин анхааръя. Би энэ сарын сүүлээр та бүхний төлөөлөлтэй хамт газар дээр нь ажиллаж, худалдан авагч болон шийдвэр гаргах хүмүүстэй уулзъя” хэмээлээ.

Мөн энэ үеэр жолооч нарын эрх ноцтой хөндөгдөж байгаа талаар дурдлаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтыг түшиглэсэн “Цагаан хад” сууринд 1992 оноос хойш амьдрал буцалсан ч өнөөдрийг хүртэл тус газарт жолооч нарын ажиллах орчин нөхцөл тохь муутай, эрүүл аюулгүй байдал, хүний эрхийн асуудал, цалин хөлсний харилцан адилгүй байдал гээд олон чухал асуудал цэгцрээгүй хэвээрээ байна. Боомт хариуцсан дарга нар нь ажлаа мэддэггүй. Жолооч нартай харилцдаггүй. Мөн энд монгол хүний эрх ноцтой хохирсоор байна гэдгийг онцлов.

Сайдын зүгээс нийгмийн хариуцлагатай компанид нь давуу эрх олгож, улсыг хохироодоггүй, жолооч тээвэрчдийнхээ ажил амьдралд анхаарал хандуулдаг байгууллагыг нь бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Ингээд уулзалтын төгсгөлд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны 10.00 цагаас дахин Аж үйлдвэр эрдэс баялгийн яам болон Боомтын зөвлөлийн төлөөллийг байлцуулан дахин уулзалт хийж, шийдвэрт хүрэхээр тохиролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23