ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр, төлбөрийн шалтгаан нөхцөлийг тогтоох хяналт шалгалтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хийж товч дүгнэлтийг Засгийн газарт танилцуулаад байна.
Шалгалтаар Эрүүл мэндийн даатгалын сан нь санхүүгийн алдагдалтай, өр, төлбөр нэмэгдсэн, цэвэр хөрөнгө 5.8 дахин буурсан, эргэлтийн хөрөнгө 1.6 дахин багассан, өр төлбөр 1.2 дахин өссөн болох нь тогтоогджээ. 2025 онд л гэхэд тус сан 295.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдал тогтоогдов.
Хяналт шалгалтаар илэрсэн зарим асуудал, зөрчлөөс дурдвал:
- Хууль, журам хоорондын зөрчил, ЭМДҮЗ-ийн эрх зүйн статус тодорхойгүй, урамшууллын журам батлагдаагүй;
- Төсвийн төлөвлөлт бодит бус, орлого тасарч, зарлага хэтэрсэн, төсвийн хяналт сул;
- Тусламж үйлчилгээний тохиолдлын тоо төлөвлөгөөнөөс 27%-иар давсан, үүнээс шалтгаалж зардал өссөн;
- Нэхэмжлэл, санхүүжилтийн хяналт нийт 35%-д л хийгдэж, хяналтгүй гүйлгээ давамгайлсан;
- Эмийн үнийн ялгаатай байдал, хөнгөлөлтийн зардал өсөж, төсвийн үр ашиг буурсан;
- Өр төлбөрийн 70%-ийг төрийн өмчит эмнэлгүүд эзэлж, төлбөрийн хариуцлага сул байв.
Ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хууль, журам, тариф, өртгийн тооцооллыг бодит болгох, цахим хяналтын системийг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зэрэг цогц шинэчлэлийн санал боловсруулсан бөгөөд уг саналын хүрээнд Засгийн газрын тогтоол батлагдаад байна.
|
Эх сурвалж
| Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
|
АДМИН







Нийгэм







