НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна.
Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрд хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм.
АДМИН







Нийгэм







